1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт:иУлаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар -34…-39 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Улз, Халх голын хөндийгөөр -27…-32 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. ялимгүй цас орно, салхи хойноос 5-10 м/с, -20…-22 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 17-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд говь, талын нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17, 18-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44…-49 градус, өдөртөө -33…-38 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -25…-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -16…-21 градус, бусад нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -20…-25 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны “Дэнж”-ийн 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилчин багийн 2 дугаар гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн хашаанд 150 боодол өвс, 5×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, суудлын автомашин шатаж байсынг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Улиастай”-н 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 01:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4 ханатай гэр, иргэн А-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э /44 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Ар согоот”-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 01:27 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 10х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ
– Автозамын тээврийн осол: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “16 дугаар зөрлөг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ суудлын автомашины араас ачааны автомашин мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 12:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Тоёота приус-20” загварын автомашины араас Дорноговь-Улаанбаатар чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын зүтгүүр мөргөж суудлын автомашины жолооч Э/32 настай эрэгтэй/ нь төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 13:45 цагт эсэн мэнд гаргасан.
Нуурын мөс цөмөрсөн: Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Арлын-Ам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ 2 зорчигчтой суудлын автомашин “Дөргөн” нуурын мөсөнд цөмөрч живсэн, зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 12.11-ний өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 12.12-ны өдрийн 08:45 цагт очиход иргэн М-ийн улсын дугаартай “Тоёота приус-11” загварын суудлын автомашин Дөргөн нуурын эргээс 200 орчим метр /гүн 1.5 метр/-т цөмөрч орсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж 12.13-ны өдрийн 14:25 цагт татан гаргасан.
Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг багийн “Бугат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Нүүдэл хийн мал тууж явсан 6 хүн (3 морь, 1 автомашинтай) сураггүй болсон тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 19:07 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Р /60 настай, эрэгтэй/, Г57настай, эрэгтэй/, О /57настай, эмэгтэй/, С /53 настай, эрэгтэй/, Л / 36настай, эрэгтэй/, У /28 настай, эрэгтэй/ нарыг 20:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:10 цагт тус багийн “Хөх-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км/-аас эсэн мэнд олсон.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баянцогт багийн “Бага сүүлт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Т нь 12.13-ны өдрийн 15:00 цагт гэрээсээ мориор гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Т /41 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 23:30 цагаас эхлэн зохион байгуулж 12.14-ний өдрийн 02:30 цагт тус багийн “Зараат” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон.
Цасанд суусан: Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны Задгай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Мазда бонго” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн Дөчийн даваа гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 50 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Есөнбулаг сумаас Наран багийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Ж-ын “Прадо-120” загварын суудлын автомашиныг 12.14-ний өдрийн 02:20 цагт татан гаргасан.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Шивээ говь” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 33 км-т, сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ суудлын автомашин эвдэрсэн тухай дуудлагыг 12.14-ний өдрийн 00:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаабаатар хотын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Ч /нас 42 эр/-ийн автомашин эвдэрсэн тул зорчигчдыг Сүмбэр суманд хүргэсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР