Улсын хэмжээнд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Булган аймаг Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр суманд нийт 4 аймгийн 9 суманд 10 удаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд 1 түймэр нийт 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 2 га ой, 39.350 га хээр, нийт 39,352 га талбай түймэрт өртсөн байна.
Ой, хээрийн гал түймрийн улмаас 2 гэр, 1 саравч шатаж, 40 толгой мал өртөж хорогдсон.
Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 86 албан хаагч, 6 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 79 албан хаагч, 7 автомашин, 2 мотоцикль, орон нутгаас 192 иргэн, 19 автомашин тус тус дайчлагдан нийт 357 хүн, 32 автомашин, 2 мотоцикльтой ажилласан байна.
Улсын хэмжээнд одоогийн байдлаар нэг түймэр цурмандаа орсон бүрэн унтраахаар ажиллаж байна. Үүнд:
- 03.30-ны өдрийн 16 цаг 46 минутад Сүхбаатар аймаг Наран сумын 2 дугаар багийн нутаг ‘Бага-уул Арын гуу’ гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн Онгоны отрядын 6, 7-р заставаас 18 албан хаагч, 2 автомашин, 2 мотоцикль, орон нутгаас 57 иргэн, 5 автомашин, нийт 87 хүн, 8 автомашин, 2 мотоцикльтой ажиллаж 2016.03.31-ний өдрийн өглөөний 03 цаг 40 минутанд түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас гарсан ой, хээрийн гал түймрийг хохирол багатай, шуурхай унтраах зорилгоор тухай бүр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт түймрийн цагийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өгч, мэргэжлийн шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна.
Хаврын хуурайшилт эрчимжиж түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг олон нийтийн телевиз, радио, цахим мэдээллийн сайтуудад байршуулан урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР