Д.Батсайхан: 22 хороо шар усны үерийн нөхцөлд байна

olloo_mn_1433812152_ver1.jpg

Нийслэлийн хэмжээнд шар усны үер болох эрсдэлтэй байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Энэ талаар тус газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Батсайханаас тодрууллаа.

batsaihan-100539-1226078479-Шар усны үер болж болзошгүй гэж анхааруулж байна. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Улаанбаатар хот Богдхан, Чингэлтэй, Баянзүрх, Сонгино хайрхан уулын дунд, тэдгээрээс эх авсан 25 томоохон хуурай сайр, Туул, Сэлбэ, Улиастай, Толгойтын голын бэлчирт байршилтай тул шар усны болон үерийн аюулд өртөх магадлал өндөр, эрсдэл ихтэй бүсэд багтдаг.

Нийслэлд сүүлийн 10 жилд шар усны үерийн аюул тохиолдож байгаагүй ч өнгөрсөн өвөл цас их унаж, хотын газар нутгийн 90 орчим хувь нь 10-20 см, Ар гүнт, Хандгайт зэрэг зуслангийн амнуудад 50-70 см-ийн зузаантай орсон. Энэ нь шар усны үерийн нөхцөл үүссэн. Одоогийн байдлаар зургаан дүүрэгт 138 хорооны 22-т шар усны үер болох нөхцөл байдал үүсээд байна.

-Нийслэлийн үерийн хамгаалалтын далан сувгуудын тоо хангалтгүй, байсан ч шаардлага хангадаггүй. Үүнд хяналт тавьж байна уу?
-Манай газраас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран үерийн хамгаалалтын далан сувагт хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар хотын далан сувгууд 30-80 см зузаан хог, шавар, бүлгийн халиатай зарим газарт 1-2 метр зузаан мөстсөн, ус өнгөрүүлэх гаргалаа хоолойнууд бөглөрсөн цас мөсний усыг урсгаж зайлуулах боломжгүй байна.

Ялангуяа гэр хорооллын айлуудын дундуур байрлах сувгууд ахуйн хатуу болон шингэн хог хаягдлаар бохирдсон, битүүрсэн, орчны бохирдлыг их хэмжээгээр үүсгэж байна.

-Шар усны үерээс хамгаалахын тулд яах ёстой вэ?
-Далан сувгийн цэвэрлэгээний ажлыг дүүрэг, хорооноос иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах, иргэдийн дунд сургалт сурталчилгаа явуулах, цэвэрлэгээний ажилд татан оролцуулах шаардлагатай.

Мөн үерийн далан, хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй барилга байгууламж баригдсан, иргэд дураараа үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил дутагдлыг арилгах хэрэгтэй байна.

“Зууны мэдээ” сонин

scroll to top