Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -31…-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 4-9 м/с, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд   баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар, 20-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -43…-48 градус, өдөртөө -31…-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -12…-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -16…-21 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -20…-25 градус хүйтэн байна.

2. ГАЛ ТҮЙМЭР

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хорооны “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сэндвичэн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 07:00 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 9 км зам туулан 07:15 цагт очиход 50х12 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулахын дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Архангай аймаг, Жаргалант сум. Баянцагаан багийн 5 дугаар хорооны Задгайд хоёр давхар үйлчилгээний төвийн барилга 12.17-ны өдрийн 00:50 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Д-ын 17х8 метрийн хэмжээтэй (зочид буудал, баар, караоке, цайны газар) барилга шатсан тул орон нутгийн 110 хүн, 8 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 10 дугаар хорооны “Морин даваа”-ны 8 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 09:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 09:55 цагт очиход иргэн Г-ын “Инсайт” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хорооны “Шар хад”-ны 56 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 13:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:56 цагт очиход иргэн Ө-ны “Караван НВ-350” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Баянхан багийн Задгайд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 14:05 цагт очиход иргэн Д-ийн “Раум” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 18 дугаар хорооны 22/б дугаар байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 17:47 цагт /20:58 цагт/ хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 17:58 цагт очиход 3 дугаар давхарт орны матрас, эд хогшил, хогийн суваг тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 47 иргэнийг гаргасан.

Дорнод аймаг, Баян-Уул сум. Заяат багийн “Үйсэнгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км-т, сумын төвөөс хойд зүгт 18 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 18 км зам туулан 19:35 цагт очиход иргэн М-ын 8×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 45 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Ханбогд сум. Номгон багийн Дөрвөлж хорооллын 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 22:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 22:48 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймаг, Сайншанд сум. 4 дүгээр багийн “Баруун буянт-Ухаа”-гийн 2 дугаар  гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 23:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 23:22 цагт очиход иргэн О-гийн “Аурэс” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Гавшгай багийн “Овоот хороолол”-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 01:09 цагт очиход, иргэн П-ын 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан. 

Дундговь аймаг, Сайнцагаан сум. 7 дугаар багийн “Хөдөө аж-Ахуй”-н 2 дугаар гудамжинд цахилгааны кабель утас шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 03:06 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км  зам туулан  03:10 цагт очиход иргэн Э-ын 9.5х10 метрийн хэмжээтэй байшингийн цахилгаан дамжуулах кабель утас шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 22 дугаар хорооны “Богины-Ам”-ны Задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 06:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 06:17 цагт очиход иргэн Г-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшин (дугуй хэлбэртэй) шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3. ГЕОЛОГИЙН ГАРАЛТАЙ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ

Газар хөдлөлт: Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Гун багийн “Ухмал-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 251 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 79 км-т, 51°06’36.0″N 98°19’12.0″E/ 12.17-ны өдрийн 13:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 13:55 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргаас тодруулахад тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Гүний болон ул хөрсний ус: Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 7 дугаар багийн “Долоон гаталга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 80 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 7 км-т, 48.967861, 89.129541/ Ховд голд халиа үүсч малчин Ж ын малын хашаа усанд автсан тухай дуудлагыг 12.17-ны өдрийн 13:45 цагт хзлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 14:20 цагт очиход малчин Ж-ын 15х15 метрийн хэмжээтэй малын хашаанд халианы ус орсон байсныг шуудуу татаж гаргасан. Элс шуудайлж 60 см өндөр, 36 метрийн урттай далан босгосон.    

4. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ 

Төөрсөн, сураггүй болсон: Сүхбаатар аймаг, Асгат сум. Өлзийт багийн “Аман хужир” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Э нь 12.15-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ 10 орчим км-ын зайтай айлд очихоор морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.16-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид Асгат сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтантай хамтран 80 км зам туулан 12.17-ны өдрийн 04:02 цагт очиж малчин Э/49 настай, эрэгтэй/-ыг “Буйрын хөндий”, “Аманхужир”, “Салаа”, “Бага-Уул”, “Холбоо”, “Хээшин хөндий” гэдэг газруудад нийт  41 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:20 цагт түр зогсоосон. 12.18-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Цас шаварт суусан: Увс аймаг, Өмнөговь сум. Холбоо багийн “Цэрэнцэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 105 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.17-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 105 км зам туулан 03:20 цагт очиход Увс аймгийн Өмнөговь сумаас Улаангом сумын чиглэлд 5 зорчигчтой (3 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Д-ийн “Эстима” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 15 минут ажиллаж 03:35 цагт татан гаргасан.      

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top