Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймагт бага зэрэг шуурч, Архангай, Говьсүмбэр, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хэсгээр багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32…-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -25…-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35…-37 градус, бусад хэсгээр -29…-31 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44…-49 градус, өдөртөө -31…-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -12…-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -16…-21 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -20…-25 градус хүйтэн байна. 22-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2. ГАЛ ТҮЙМЭР:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 15х20 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхар, дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн “Эрхэт-Өртөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиж 20х15 метрийн хэмжээтэй 3 айлын байшин шатаж байсныг унтраасан. Тус гал түймэрт А/4 настай, эрэгтэй/, А /1 настай, эрэгтэй/ түлэгдсэнийг гарган эмнэлгийн байгууллагад хүргэсэн.

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн “Далан-Үнээ” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 147 км, сумын төв/-тАчааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 02:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 22 тн нүүрс тээвэрлэж явсан “Норд” бенц загварын ачааны автомашины чирэгчийн урд 4 дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 05:20 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 8х12 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ 

Төөрсөн, сураггүй болсон: Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн Аман хужир гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 35 км/-т Тус сумын харьяат малчин Э нь 12.15-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ 10 орчим км-ын зайтай айлд очихоор морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.16-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Э /49 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 12.18-ны өдрийн 10:00 цагт гэрээс нь зүүн урд зүгт 25 км-т Асгат сумын 1 дүгээр багийн “Улаан чулуут”гэдэг газар айлын өвөлжөөнд байсныг эсэн мэнд олсон.

Цас шаварт суусан: Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/-т Аймгийн төвөөс Цогт сум руу зорчиж явсан “Приус-20” загварын автомашин цасанд суусан, “Истана” загварын 2 автомашин /19 зорчигчтой/  эвдэрч явах боломжгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М /44 настай, эрэгтэй/ “Пирус-20” загварын автомашин, Б-ын /39 настай, эрэгтэй/ “Истана” загварын автомашин, Б /27 настай эрэгтэй/ “Истана” загварын автомашин /19 зорчигчтой/ цасанд сууж, 2 автомашины эвдэрсэн  байсныг ажиллаж автомашиныг татан гаргаж, “Истана” загварын 2 автомашин явах боломжгүй болсон тул үлдээж 19 иргэнийг сумын төвд хүргэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top