“Говийн чоно-2016” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль эхэлнэ

9X1A4221.jpg

АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон Онцгой байдлын ерөнхий газраас 2009 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Говийн чоно- 2016” гамшгийн  хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох сургуулилт 2016 оны 04 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд Улаанбаатар, Орхон аймагт зохион байгуулагдах гэж байна.

“Говийн чоно” дасгал сургуулилтуудыг Монгол улсын газар хөдлөлт, галт тэрэгний осол, уурхайн осол зэрэг төрөл бүрийн гамшгийн зохиомжид тулгуурлан зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний болон дотоодын гамшгийн удирдлагын чадавхийг идэвхитэй сайжруулах зорилгоор зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн “Говийн Чоно-2016” дасгал сургууль нь Орхон аймагт болох газар хөдлөлтийн дасгал сургуулилтад тулгуурлах бөгөөд үндэсний болон дотоодын Гамшгийн удирдлагын төлөвлөгөө, газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөө, цэрэг-иргэний хамтын ажиллагааны зохицуулалт болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээж авах чадавхийг бэхжүүлэх зэргийг шалгахад чиглэгдсэн.

“Говийн Чоно-2016” дасгал сургуулилтанд Онцгой байдлын ерөнхий газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай үүрэг харьяа бүхий яам, агентлаг мөн АНУ-ын Номхон Далайн команд, АНУ-ын Номхон Далайн арми болон хүмүүнлэгийн тусламжийн улс орнуудын багийн гишүүн байгууллагаас 100 гаруй хүн оролцож байна.

“Говийн чоно-2016”  дасгал сургууль нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах” дэлхийн гуравдугаар бага хурлаас батласан Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийн эхэн үед болж байгаа бөгөөд манай орны аж үйлдвэрийн томоохон төв болох Орхон аймагт давхар зохион байгуулагдахаараа  онцлог юм.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдаж дэлхийн ихэнх бүс нутаг, ялангуяа Ази-Номхон далайн орнуудад тохиолдох байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж,  учруулах хор уршиг улам бүр өсөж байна. Монгол Улсад сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэлтийн давтамж нэмэгдэж, болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл үүсэж болох дохиог өгсөөр байна.

Гамшгийн үед нэг хором ч алдалгүй, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, анхан шатны үйл ажиллагаа, цаашилбал дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг шуурхай зохион байгуулах нь  аливаа улс орны төр засгийн нэн тэргүүний үүрэг юм.

Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө”, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус баталж, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлын хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй “Байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.

“Говийн чоно-2016” дасгал сургуулилт нь учирч болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед дээрх эрх зүйн шинэ баримт бичгүүдийг бодит амьдрал дээр турших, онцгой нөхцөл байдал үүсэхэд хариу арга хэмжээ авах, орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, чадавхийг үнэлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, олон улсын туршлагаас харилцан суралцахад  чиглэсэн үндэсний хэмжээний чухал ач холбогдолтой дадлага сургууль юм.

Онцгой байдлын ерөнхий газар

2016.04.03

scroll to top