Удахгүй тохиох “Генералуудын өдөр”-ийг энэ жил Онцгой байдлын ерөнхий газар зохион байгуулж байгаа юм. Энэ өдөрт зориулсан “Монгол Улсын төлөө” булангийнхаа зочноор цэргийн түүхэнд хамгийн олон удаа ёслолын жагсаал командалсан хошууч генерал Г.Махбариадыг урилаа.
– Цэргийн албатай амьдралаа холбосон түүхийг тань сонирхмоор байна?
– Манайх цөөхөн малтай. Аав, ээж айлын ажилд туслаж амьдралаа залгуулдаг байсан учраас би сумын бага сургууль төгсөөд аймаг руу явах боломжгүй болж мал дээр гарсан юм. Айлын мал хариулж эмнэг хангалыг нь номхруулах, түлээ түлш бэлтгэх, хашаа засах, худаг гаргах гээд борви бохисхийх завгүй ажилладаг байлаа. Нутгийнхан ч намайг магтана. Энэ үг сумын даргын чихэнд хүрсэн юм болов уу. Нэг өдөр сумын дарга манайд ирээд “Танай өндөр бор хүүг сумын төвд суулгаж, ажилтай, эрдэмтэй хүн болговол зүгээр юм” гэснээр сумын зарлага болсон юм. Удалгүй ээжийн дүү намайг Аймгийн хоршоодын холбооны бичээчээр оруулсан. Тэр үед гэр бүлдээ тус больё гэж бодож явснаас цэргийн дарга, генерал болох талаар мөрөөдөж ч явсангүй. Аймгийн хоршоодын холбооны бичээчээр ажиллаж байхад цэргийн зарлан ирдэг юм байна. Хоршоодын холбооны дарга “Чамайг цэрэгт явуулахгүй, энэ байгууллагын ажил зогсоно” гээд цэргээс чөлөөлөх бичигтэй цэрэг татлагын комисс дээр очлоо. Уг нь өөрөө бол хот орж эрдэм сурах хүсэлтэй байдаг. Ацан шалаанд орсон би цэрэг татлагын комиссын дарга Р.Гүнсэн гуайтай зориглон уулзаж, даргынхаа бичгийг үзүүлэхээсээ өмнө өөрийнхөө хүсэлтийг хэлж байж цэргийн албанд мордож билээ. 1955 он бол миний амьдралын түүхэн жил гэж би боддог. Тэр жил цэрэгт яваагүй бол би цэргийн энэ сайхан амьдралтай холбогдохгүй байсан биз. Гэрээсээ хол аймгийн төвд ажиллаж байсан, дээр нь харилцаа холбоо хөгжөөгүй байсан учраас шууд цэргийн албанд мордсон. Захидал бичээд ч удаж байж очно. Зарим нь замдаа үрэгдэнэ. Аав, ээж бичиг үсэгтэй хүн олж захидал дуудуулах гэж бөөн юм болно гэж бодоод дуулгаж чадаагүй. Цэрэгт тэнцээгүй нутаг буцсан хүмүүсээс л дуулсан байх.
–Та цэргийн цолонд дандаа хугацаанаасаа өмнө ахисан байдаг. Монголын 52 дахь генерал цолыг ч залуухан авсан гэдэг?
– 1958 онд бага дэслэгч, 1959 онд дэслэгч, 1962 онд ахлах дэслэгч болоод ЗХУ руу сургуульд явсан. Сургуулиа төгсч ирээд 1968 онд ахмад, 1970 онд хошууч, 1972 онд дэд хурандаа, 1973 онд хурандаа болж байлаа. Ахмадаас хошууч дөрвөн жил, хошуучаас дэд хурандаа зургаан жил, дэд хурандаагаас хурандаа зургаан жилийн хугацаатай байсан. Ахмадаас хурандаа хүртэл 16 жилийн хугацаанд авах ёстой цолыг зургаан жилд авсан юм болов уу. Ажлын амжилтаар хугацаанаас өмнө цол өгдөг байсан юм. Бодвол албан үүргээ сайн гүйцэтгэж байсан юм байлгүй. 1976 оны зургадугаар сарын 4-нд цэргийн албанд ирснээс хойш 21, хүн болж төрснөөс хойш 42 дахь жилдээ генерал хэмээх эрхэм цолыг зүүсэн. Офицер болсноос хойш 18 жилд генерал цолыг мөрөөдөх ч зав гараагүй. Ажил ч их байлаа.Миний цэргийн цол ч хурдан ахисан.“Энэ хүний цол дэндлээ.Залуу хүнийг эвдлээ” гэж хэлж байсан хүн ч бий.Чухам ямар учраас миний цолнууд хугацаанаасаа өмнө олгогдсоныг мэдэхгүй. Тэр үед авлига, албан тушаалын наймаа гэж байсан биш. Намайг дарга нарт тал тохой татаж, хүнийг дээр доор гэж ялгаж яваагүйг хамт ажиллаж байсан хүмүүс маань хэлэх байх. Харин албаа сайн хаах, цэрэг хүний хүлээсэн үүргээ цаг тухайд нь чанартай биелүүлэх гэж хичээдэг хэнхэгдүү зан маань нөлөөлсөн юм болов уу.
–Цол гардаж аваад “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж хэлэх цэрэг хүний хамгийн сайхан агшны нэг байх?
-Мөрдэсээ гардаж авахад үнэхээр сэтгэл догдолдог юм билээ. Цэргийн байгууллагад олон жил удирдах ажил хийсэн, хэр баргийн сэтгэл хөдлөлийг ил гаргаад байхааргүй болсон гэж бодож байсан ч “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж хэлэхэд хоолой зангирсан. БХЯ-ны сайд, армийн генерал Б.Доржийн өрөөнд цолоо авч, аав ээж, эхнэр хүүхэд рүүгээ яарсан. Аав, ээж минь баярласандаа нулимс унагаж байсан.
–Таныг эхнэрийнхээ илгээсэн захиануудыг оруулаад ном хэвлүүлсэн гэж сонссон. Их олон захидал авч байжээ?
-Би 1962 онд цэргийн академид 28 настай гэр бүлтэй оюутан байлаа. Москва хүртэл долоо хоног вагоноор явна. Надаас бусад нь аравдугаар ангиа өдрөөр төгссөн, орос хэлтэй гээд хавьгүй илүү байсан. Тэгээд хамаг хүчээ дайчилж суралцсаны үр дүнд бэлтгэл ангиа нөхөдтэйгээ хамт төгсч чадсан. Бараг 30 хүрч яваа эр хүн гэхэд эхний үед хэл, газар мэдэхгүй. Хичээл нь хүнд учраас гэр бүл, нутгаа их санана. Зарим үед халшрах тохиолдол гарна. Би нягт нямбай хүнийг бодоход салан задгай, хээгүй. Гэхдээ цэргийн академид суралцаж байхдаа эхнэрээсээ авсан 229 захиа, цахилгааныг үдэж одоо хүртэл хадгалсаар байгаа. Түүнээс хамгийн эхнийх нь буюу 1962 оны есдүгээр сарын 2-нд эхнэр Дарьчулуунаас гээд ирсэн байдаг юм.
– Таныг хамгийн олон удаа ёслолын жагсаал командалсан генерал гэдэг юм билээ?
– 1976 онд Жанжин штабын нэгдүгээр орлогч, Улаанбаатар хотын цэргийн хүрээний даргын албан тушаалд томилогдож, хошууч генерал цол аваад биелүүлсэн анхны томоохон үүрэг маань Ардын хувьсгалын 55 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг хариуцах байлаа. Үүрэг авсан даруйдаа цэргийн ёслолын жагсаалын бэлтгэл хангах төлөвлөгөө гаргаж, батлуулж аваад ажлаа зохион байгуулж эхлэв.
Цэргийн ангиуд өдөр бүр жагсаалын бэлтгэлтэй. Нэг өнжөөдТөв цэнгэлдэх юм уу Улиастайн цэргийн ангийн жагсаалын талбайд нэгдсэн бэлтгэл хийнэ. Бороо шороо, салхи шуургыг тоохгүй, хийх ёстой өдрөө, товлосон хугацаандаа заавал жагсаж сургуулилна. Зарим сул биетэй цэрэг эхний үед ядардаг ч жагсаалын бэлтгэл хийх тусмаа өнгө орж жавхаажаад ирдэг.Наадмын өмнөх өдрүүдэд өглөөний 05:00 цагт Сүхбаатарын талбайд нэгдсэн бэлтгэл хийнэ. Тэр үед БХЯ-ны нэгдүгээр орлогч сайдад рапорт өгч байхад сандарч байсан санагддаг.Харин жинхэнэ баярын жагсаал командлахад нэг их тэвдээгүй юмдаг. Түүнээс хойш 1977, 1978, 1980-1985 онд нийтдээ найман жил Жанжин штабын нэгдүгээр орлогч, Улаанбаатарын хүрээний цэргийн дарга гэдэг албан тушаал хашиж, цэргийн ёслол, хүндэтгэлийн ажил, жагсаал, сахилга дэг журам хариуцаж явлаа.Тэр үед Майнбаяр, Улсын наадам, Октябрын баяр гээд жилд гурван удаа ёслолын жагсаал хийдэгбайсан гэхээр би найман жилийн хугацаанд 24 удаа ёслолын жагсаал командалж, БХЯ-ны сайд, армийн генерал Б.Дорж, хурандаа генерал Ж.Ёндон, Ж.Авхиа нарын хүндтэй жанжинуудад рапорт өгч явсан Монголын цорын ганц генерал даа. Ийм ёс төртэй үүргийг алдаа эндэгдэлгүй биелүүлснээрээ бахархаж суудаг.
–Цэргүүдийг алдаа гаргахгүй командална гэдэг хариуцлагатай ажил байх даа?
-Армид ёслолын жагсаал хамгийн сайхан командалдаг, жагсаалч цэргийн дарга бол хурандаа генерал Ж.Ёндон гуай байсан. Ард түмнээс “рапорт” Ёндон гэдэг нэр авсан хүн шүү дээ. Миний хувьд бол даалгасан үүргийг л биелүүлсэн. Ёслолын жагсаалын бэлтгэл хангана гэдэг амаргүй. Ялангуяа зэвсэг техниктэй ёслолын жагсаалын бэлтгэл тун ярвигтай. Цэргийн алхаа гишгээг жигдрүүлэхээс гадна техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах, тохиолдож болзошгүй бүх эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх ёстой. Ёслолын жагсаал гайгүй яваад өнгөрсөн ч долоо хоног түгшүүртэй явна.
–Таны нэртэй холбоотой хөгтэй явдлын талаар сонсч байсан. Тэр онигоонууд танд сонсогддог байв уу?
– Намайг сумын зарлага байхад морин өртөөгөөр алба залгуулдаг байлаа. Аймгаас ирсэн төлөөлөгч “Хүмүүсээ хурдан цуглуул” гэсэн тул би хүмүүст хэл хүргэчихээд буцаад очлоо. Намайг ирж байхыг харсан сумын дарга “Ашгүй зарлага Махбариад ирж явна” гэсэн юм байж.Төлөөлөгч ядарч өлсөж ирсэн юм байгаа биз.Мах барьсан хүн ирж явна гэж ойлгоод идэх гээд хүлээгээд байж. “Хүмүүсээ цуглуулчихлаа, та яриа таниулгаа хий” гэхэд “Махны сураг гарсан чинь яав. Ганц огтолчихоод гарья л даа” гэсэн гэдэг юм. Хожим шалгалтаар цэргийн ангиудаар явж байхад нэг казак цэрэгт “Генерал Махбариад очно гэж даргадаа хэл” гэхэд нь нөгөөх нь дутуу ойлгоод “Юу гэж генерал мах бариад явж байхав” гээд хэлээгүй юм гэнэ билээ. Тэгээд ямар ч хэл сураг дуулаагүй байхад нь би давхиж очиж шалгалтаа эхэлж байлаа. Энэ мэтийн хөгтэй зүйл зөндөө бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин