Хошууч генерал Д.Лхагвасүрэн нь 1922 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутаг Урьд хагт гэдэг газар төрсөн.
1938-1941 онд Холбооны техникум, 1941-1943 онд МАХН-ынТөв Хорооны дэргэдэх намын боловсон хүчний дээд сургууль, 1956-1959 онд ЗХУ-ын Москва хотод ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх намын дээд сургууль, ЗХУ-д Иргэний хамгаалалтын дээд курст суралцан төгсжээ.
Д.Лхагвасүрэн 1943-1945 онд ЦЕС-д багш, 1947-1951 онд МАХЦ-ийн Улс төрийн газарт лектор, байцаагч, 1951-1952 онд Офицерын ордны дарга, 1952-1956 онд Улс төрийн газрын эвлэлийн ажлын тасгийн дарга, хэлтсийн орлогч, хэлтсийн дарга, Улс төрийн газрын орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэгч, 1959-1960 онд МАХН-ын Төв Хороонд тасгийн дарга, 1960- 1964 онд Говь-Алтай аймгийн намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, 1964-1970 онд Хэнтий аймгийн намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, 1975-1980 онд Улсын иргэний хамгаалалтын штабын орлогч дарга, 1970-1975, 1980-1982 онд Улсын иргэний хамгаалалтын газрын яам, албан газар, улс ардын аж ахуй эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байв.
Д.Лхагвасүрэнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар тогтоолоор хошууч генерал цол хүртээжээ.
Хошууч генерал Д.Лхагвасүрэнгийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндөр үнэлж Алтан гадас одонгоор 2 удаа болон бусад ойн медалиудаар шагнасан бөгөөд ЗХУ-ын Улаан таван хошуу одон, медалиудаар шагнагджээ.