ХОШУУЧ ГЕНЕРАЛ ПАЛАМЫН СҮНДЭВ

SundevХаруул Чоймбол овогт хошууч генерал П.Сүндэв нь 1947 онд Архангай аймгийн Ѳлзийт сумын нутаг Худгийн хонхор хэмээх газар тѳрсѳн.

Тэрээр бага, дунд сургууль, 1969-1974 онд ЗХУ-д Хилийн цэргийн командын дээд сургууль, 1979-1982 онд ЗХУ-ын Москва хотод М.В Фрунзийн нэрэмжит ерөнхий цэргийн академи, ЗХУ-д Хилийн цэргийн командын дээд курс, БНМАУ-ын Сайд нарын Зѳвлѳлийн дэргэдэх Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын дээд курст сурч тѳгссѳн.

НҮБ-ын Хамтын ажиллагааны хөтөлбөр, Олон улсын техник хамтын ажиллагааны газар, Тайландын Вант Улсын Ойн аж ахуйн газрын хамтарсан олон улсын гамшгийн удирдлагын дээд дамжаа, ХБНГУ-ын Гармаш хотод Жорж Маршаллын нэрэмжит Европын Аюулгүй байдлыг судлах төвийн дээд удирдах албан тушаалтны дамжааг дүүргэн мэргэжил дээшлүүлжээ.

Цэргийн дээд боловсролтой, оператив-тактик, команд штабын мэргэжилтэй.

П.Сүндэв нь Цэргийн ерөнхий дээд сургуульд лаборант, Өмнөговь аймаг дах хилийн 0131 дүгээр ангид 1974-1979 онд маневр ротын захирагч, хилийн заставын дарга, мѳн ангийн штабт хилийн албаны ахлах офицер, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга, 1982 онд Хилийн ба Дотоодын цэргийн штабын оперативын хэлтсийн орлогч дарга, 1982-1988 онд Халх голын хилийн 0198 дугаар ангийн захирагч, 1988-1990 онд Хилийн ба Дотоодын цэргийн штабын 1 дүгээр орлогч, оперативын хэлтсийн дарга, 1990-1992 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерѳнхий газрын хилийн цэргийн штабын хилийн хэлтсийн дарга, 1992-1993 онд мөн газрын Хилийн цэргийн штабын дарга, 1993-1996 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хилийн цэргийг удирдах газрын дарга, 1996-2000 онд Улсын иргэний хамгаалалтын газрын дарга, Улсын байнгын онцгой комиссын орлогч дарга, 2000-2003 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Хилийн цэргийг удирдах газрын дарга, Хилийн цэргийн командлагч, 2003-2006 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерѳнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, 2006-2008 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар тус тус ажиллаж байв.

П.Сүндэвт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1994 онд  хошууч генерал цол хүртээжээ.

2003 онд “Монгол Улсын хилийг тогтоож хамгаалсан нь” (1960-1990 он) сэдвээр түүхийн ухааны доктор (Рh.D)-ын зэрэг хамгаалсан.

Хилийн цэргийн дээд сургуулийн профессор, ОХУ-ын Аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах салбарын академийн профессор цолтой. НҮБ-ын дэргэдэх зөвлөх эрхтэй олон улсын Мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн, академич.

П.Сүндэв нь Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, ОХУ-ын “Найрамдал” одон, Цэргийн Хүндэт медаль болон бусад ойн медалиуд, Хүндэт хилчин, Онц хилчин,  Улсыг аюулаас хамгаалах байгууллагын Хүндэт ажилтан, Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан, Хүндэт гаальчин, Хүндэт төмөр замчин цол тэмдэг болон мэдээлжсэн нийгмийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсны төлөө олон улсын дээд зэргийн одон, их эрдэмтэн И.И.Юзвишины нэрэмжит олон улсын шагнал, академич И.И.Юзвишины медаль зэргээр шагнагдсан.

Хошууч генерал П.Сүндэв нь Монголын Элчин сайд нарын клубын гишүүн, “Вьетнам судлал” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн сонгуультай.

scroll to top