“Говийн чоно-2016” олон улсын дадлага, сургуулилт үргэлжилж байна

1111.jpg

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж Ази Номхон далайн орнуудад тохиолдох байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, тэр хэрээрээ учруулах хор уршиг нь улам өсч буй. Улаанбаатар хотоос 300 гаруй км-т газар хөдлөлтийн дөрвөн том хагаралтай нь тогтоогдоод байгаа манай улсын хувьд ч сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж нэмэгдэж, эрсдэл дагуулж мэдэхээр болоод байгаа юм. Монгол оронд хамгийн сүүлд 60 орчим жилийн өмнө хүчтэй газар хөдлөлт болсон төдийгүй Улаанбаатар хот Монгол Улсын газар хөдлөлтийн эрсдэлтэй хоёр бүсийн уулзвар орчимд байрладаг аж. Тиймээс болзошгүй гамшгийн үед нэг ч хором алдахгүйгээр эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах анхан шатны үйл ажиллагаа, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг шуурхай зохион байгуулах шаардлага тулгараад байгаа. Тэгвэл энэ бүхэнд хариулт өгч, гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцох “Говийн чоно-2016” тав дахь удаагаа эхэллээ. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийн хор уршгийг арилгах байгууллага хоорондын зохицуулалт, гадаадын хүмүүнлэгийн тусламжид чиглэгдсэн дөрвөн өдрийн дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа юм. “Говийн чоно-2016”-г АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 4-8-ны хооронд Улаанбаатар, Орхон аймагт зохион байгуулж байна. Энэхүү дасгал сургуулилтыг Монгол Улсын газар хөдлөлт, галт тэрэгний осол, уурхайн осол зэрэг төрөл бүрийн гамшигт тулгуурлан, үндэсний болон дотоодын гамшгийн удирдлагын чадавхийг идэвхтэй сайжруулах зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн дадлага сургуулилтыг Орхон аймагт болох газар хөдлөлтийн дасгал сургуулилтад тулгуурлах бөгөөд гамшгийн удирдлагын төлөвлөгөө, газар хөдлөлтийн бэлэн байдал, цэрэг иргэний хамтын ажиллагааны зохицуулалт болон олон улсын хүмүүнлэгийн тус­­ламжийг хүлээн авах чадавхийг бэх­жүүлэх чиглэлтэй юм. Энэхүү томоохон дадлага сургуулилтын талаар өчигдөр ОБЕГ-ын удирдлагууд болон АНУ-ын Номхон далайн команд, армийнхан мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “”Говийн чоно-2016” дадлага сургуулилтыг 2009 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна. Уг дасгал сургуулиуд үндэсний болон орон нутгийн гамшгийн менежментийн чадавхийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Төрийн захиргааны бүх шатны байгууллагуудын гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр зохион байгуулж байгаа. Дэлхий нийт гамшгийн эсрэг хариу арга хэмжээ үзүүлэхдээ дангаараа биш улс орнууд хамтран ажилладаг болж. Тиймээс олон улсын хүрээнд хэрхэн хамтарч ажиллах ёстой төлөвлөгөөг тодотгож байгаа юм” гэлээ.

Дасгал сургуулилтад ОБЕГ болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий яам, агентлагууд, АНУ-ын Номхон далайн командлал, АНУ-ын Номхон далайн арми, Монгол Улс дахь хүмүүнлэгийн баг оролцож байна. Түүнчлэн олон улсын бүс нутгийн түншүүд Балба, Япон, БНСУ-ын төлөөлөл оролцож  харилцан мэдлэг, туршлага солилцохоор иржээ.

Орхоны гол сав газрын хөрсний давхаргын чулуулгын байгалийн шинж байдал, Монгол орны газар хөдлөлтийн бүсэд оршдог учраас өндөр эрсдэлтэй бүсэд тооцогддог юм байна. Мөн Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр долоо хоногт хоёр удаа тэсэлгээ хийдэг нь барилгажилттай хэсэг, ойролцоох газруудад чичирхийлэл өгдөг гэнэ. Тиймээс энэхүү олон улсын дадлага сургуулийг Улаанбаатар, Орхон аймагт зохион байгуулж байгаа юм. “Говийн чоно-2016” дасгал сургуулилтыг хэрхэн зохион байгуулах талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр “Дадлага сургуулийн хүрээнд орон нутгийн түвшинд мэргэжлийн ангийн үзүүлэх сургуулилтыг зохион байгуулна. Орон нутагт гамшиг тохиолдлоо гэхэд улсын түвшнийхтэй хэрхэн хамтарч ажиллах, ямар шийдвэр гаргах зэрэг уялдаа холбоо чухал. Мөн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авахад шаардлагатай тоног төхөөрөмж хүч хэрэгсэл, нөөц бэлэн эсэхийг тодотгоно. Нуранга үүссэн үед эрэн хайх аврах ажиллагаа, томоохон аюулын үед ард иргэдийг нүүлгэх шилжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг хээрийн нөхцөлд хэрхэн үзүүлэх вэ гэсэн дадлага сургуулилтыг бодит амьдралд туршина. Цаашид ямар асуудлыг шийдэж чадах, чадахгүй байгаагаа тодорхойлж төлөвлөгөөгөө боловс­ронгуй болгоно” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, “Газар хөдлөлтийн гамш­гийн эрсдлийг буу­руулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө”-г баталж мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж нэгдсэн удирдлагаар хангах чиглэлээр “Байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг байгуулсан. “Говийн чоно-2016” сургуулилтын үеэр дээрх эрхзүйн шинэ баримт бичгүүдийг бодит амьдрал дээр туршиж, онцгой нөхцөл байдал үүсэхэд хариу арга хэмжээ бэлэн байдал, төлөвлөлт хийх, олон улсын туршлага судалж буйгаараа чухал ач холбогдолтойг албаныхан хэлж байна.  Тийм ч учраас олон улсын дадлагыг Улаанбаатар, Орхон аймагт газар хөдлөлтийн хор уршгийг арилгах чиглэлээр зохион байгуулж байгаа юм.

ГАМШГИЙН ҮЕД ИРГЭД ЯМАР МЭДЭЭЛЭЛ, МЭДЛЭГТЭЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

АНУ-ын Номхон далайн армийн хошууч  Эдвин Д.Мортон:

-Манай улсад холбооны болон мужийн хэмжээнд онцгой байдлын ерөнхий газар гэж байдаг. Өнөөдрийн сургалт арга хэмжээнд холбооны болон мужийн төлөөлөгчид ирсэн.  Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, хор хохирлыг арилгах дадлага сургуулилт тогтмол хийгддэг. Сургуулилтын хувьд Монголынхтой төстэй. Энэ өдрүүдэд Аляска мужид “Говийн чоно-2016” дасгал сургуулилтай адилхан туршлага солилцох үйл ажиллагаа явагдаж байгаа. Монголын онцгой байдлын газрын төлөөлөгчид ч оролцож байгаа. Непальд болсон газар хөдлөлтийн гамшгийн үед оролцож байсан хүмүүс Монголд болж буй “Говийн чоно-2016” арга хэмжээнд оролцож байгаа учраас газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авсан, юу хийх ёстой байсан зэргээр туршлага судлах ажил үр дүнтэй байх болно. Хамгийн гол нь гамшгийн үед иргэд ямар мэдээлэл, мэдлэгтэй байх талаарх сургалт их чухал. Тиймээс Орхон аймагт болох сургуулилтын үеэр иргэдэд цэвэр ус, эмнэлгийн тусламж үйлчилгээг ямархуу байдлаар авах зэрэг тодорхой мэдлэгийг олгоно.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

scroll to top