Д.Бямбадорж: Савтай усыг нь даахгүй, шанаганд хийгээд цацаад байсан

20160404_145024.jpg

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоот айл шатаж байсныг 8-12 насны дөрвөн хүү өчүүхэн биедээ баймгүй зориг гаргаж, галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй, 58 настай, иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлынх нь хамт авран хамгаалсан байсан талаар бид мэдээллэсэн. Хамгийн түрүүнд гүйж очиж хашаа давж орон, галыг унтраасан хоёр хүүгийн нэгтэй ярилцлаа.

-ХАШАА НЬ ЦООЖТОЙ БАЙСАН УЧРААС ДАВЖ ОРСОН-

-Миний дүү өөрийгөө танилцуулаач?

-Намайг Дарханбаатарын Бямбадорж гэдэг. “Гурван-Эрдэнэ” дунд сургуулийн зургаадугаар ангид сурдаг.

-Тэр өдөр яг юу болсон талаар ярихгүй юу?

-Өдрийн гурван цагийн үед биднийг гудамжинд хөлбөмбөг тоглож байтал машин унасан хоёр том хүн “Айлын гэр шатаж байна” гээд орилсон. Бөмбөгөө хаяад харсан чинь арын гудамжны үзүүрийн айлын гэр дээврээсээ шатаж байсан. Тэгээд бид шууд очиж унтраахаар гүйлдсэн. Эхлээд Г.Энхбат бид хоёр гүйж очоод, хашаа руу нь орох гэтэл цоожтой байсан. Тэгэхээр нь хашааг нь  давж ороод, гэрийнх нь үүдээр шагайтал нил утаа болчихсон байсан. Ашгүй гэрийн яг үүдэнд хагас канистр ус, шанага байсан. Канистрийг нь өргөж даахгүй байсан болохоор шанаганд ус хийгээд цацаад байсан. Араас манай нөгөө хоёр хашааны хаалга онгойлгуут ирж, дөрвүүлээ галыг унтраасан.

-Гэрт хүн байгааг яаж мэдсэн юм бэ?

-Очуутаа гэр лүү нь орсон чинь битүү утаа, баруун орон дээр нэг настай ах сууж байсан. Танай гэр шатаад байна, гэрээсээ гараарай гэхэд “Ах нь хөгжлийн бэрхшээлтэй, босч чаддаггүй юм. Миний дүү нар галаа унтраагаад, онцгой байдлынхныг дуудаарай. Том хүн дууд” гэсэн. Гэхдээ хүн дуудах хугацаа байгаагүй болохоор бид галыг шууд унтрааж эхэлсэн л дээ. Тэгээд усаа цацаад, гэрээс нь орж хөнжил гаргаж ирээд, гэр дээр нь гарч галыг дарж, гишгэж унтраасан. Яг унтраагаад дуусч байхад хажуу айлын ах хүрч ирээд гэрээс нь хайч гаргаж ирээд гал гарсан хэсгийн гэрийн эсгийг хайчлаад авчихсан.

-Тэгж хайчилдаг нь яаж байгаа юм бэ?

-Тэр шатсан хэсгийн эсгийг нь хайчилж авахгүй бол цаашаа цогшоод, нүүгээд яваад байдаг байхгүй юу. Салхитай өдөр байсан болохоор гал хурдан тархах гээд байсан.

-ТОМ БОЛООД ГАЛ СӨНӨӨГЧ БОЛНО-

-Ойр хавьд чинь том хүмүүс байгаагүй юм уу?

-Гал гарч байна гэж орилсон машинтай ах, эгч хоёр хашааны гаднаас бид нарт тэгж унтраа, тэгж цохь гээд зааж өгөөд байсан.

-Асч байгаа галаас айгаагүй юу?

-Айгаагүй. Шууд унтраах ёстой л гэж бодсон. Харин жаахан сандарсан.

-Амийг нь аварлаа гэж тэр хүн та нарт баярлалаа гэж хэлсэн үү?

-Хэлээгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, юм ярихдаа муу өвөө юм билээ. Хэлээгүй л болохоос мэдээж баярлаж байгаа байх аа.

-Амгийнхаа онцгой байдлын газрын даргатай уулзсан гэсэн. Та нарт талархал илэрхийлсэн үү?

-Тэгсээн. Биднийг аймаар магтаад, сайн хүүхдүүд байна гэсэн. Х.Баасансүрэн лам нэг нэг CD, 20, 20 мянган төгрөг өгсөн. Тэгээд бас цаашдаа та нарт дахиад зөндөө шагнал өгч магадгүй шүү гэж хэлсэн.

-Ангийн хүүхдүүд чинь юу гэж байна?

-Ангийнхан бүгдээрээ мэдчихсэн байна лээ. Магтаад л, юу болсон юм яриад өг гээд л байсан. Багш нар маань ч их магтсан.

-Чи том болоод ямар мэргэжилтэй хүн болох хүсэлтэй вэ?

-Гал сөнөөгч.

-Гал унтраасан болохоороо тэгж бодсон юм уу?

-Үгүй ээ. Багаасаа л тэгж боддог байсан. Манай нөгөө гурав цагдаа, мөрдөгч, хуульч болно гэсэн.

-Заавал гал сөнөөгч болоорой!

-Тэгнэ ээ.

Онц сурдаг биз дээ?

-Онц сурдаг.

-Хэн хэнтэйгээ амьдардаг вэ, аав ээж нь магтаж байна уу?

-Аав, ээж хоёртойгоо амьдардаг. Ах, эгч хоёр маань тусдаа гарчихсан. Миний хүү сайн байна гээд зөндөө магтсан.

С.ГАНБОЛД: ХҮҮХДҮҮДИЙГ ШАГНАЛД ТОДОРХОЙЛОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 27-р ангийн нэгдүгээр салааны захирагч, онцгой байдлын дэслэгч С.Ганболдтой болсон явдлын талаар цөөн хором ярилцлаа.

-Баатарлаг гавьяа байгуулж, гал унтраасан хүүхдүүдтэй уулзаж, талархал илэрхийлсэн гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Өнгөрсөн сарын 27-ны өдөр манай аймагт айлын гэр шатсан гал түймрийн аюулыг 11 настай Б.Энхбаяр, 8 настай Б.Мэндбаяр гэсэн ах дүү хоёр, 12 настай Г.Энхбат, 12 настай Д.Бямбадорж нарын 8-12 насны дөрвөн хүү унтраасан баатарлаг гавьяа байгууллаа. Тэдний гурав нь “Гурван-Эрдэнэ” дунд сургуульд, нэг нь  Ирээдүй 21-р дунд сургуульд сурдаг, 3-6-р ангид сурдаг хүүхдүүд юм билээ. Өнгөрсөн даваа гаригт тэднийг манай Онцгой байдлын газрын дарга Г.Нэргүй хүлээн авч уулзаж, талархалаа илэрхийллээ. Мөн өчигдөр Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн урилгаар манай аймагт хүрэлцэн ирээд байсан. Баатарлаг гавьяа байгуулсан хүүхдүүдийн талаар сонсоод бэлэгшээлтэй сайхан мэдээ байна гээд хүүхдүүдтэй уулзахыг хүссэн. Ингээд хүүхдүүдэд урмын үг хэлж, мөн гарын бэлгээ гардуулсан. Манай орон нутгийн хэвлэлүүд хүүхдүүдийн сайн үйлсийн талаар мэдээ мэдээлэл бэлтгэж, аймагтаа цацсан болохоор манай аймгийн иргэд ч энэ талаар бүрэн мэдээлэл авсан байгаа. Их ч баярлаж, сайхнаар хүлээн авцгаалаа.

-Хүүхдүүдийг “Шударга журам” медиалиар шагнаасай гэж хүсч буй хүн олон байна. Энэ талаар ямар нэг арга хэмжээ аваа юу?

-Манай аймгийн онцгой байдлын алба болон аймгийн удирдагуудын зүгээс хүүхдүүдийг зохих ёсны медаль, тухайлбал “Шударга журам” медальд тодорхойлоод, дээд шатны байгууллага руу нь явуулах төлөвлөгөөтэй байна. Ангийнх нь багш болон сургуулийн удирдлагуудад нь энэ талаар хэлсэн. Энэ хүүхдүүдээ алдаршуулж, гавьяа байгуулсан хүүхдүүд шүү гэдгийг нь бусад сурагчдад үлгэр дуурайлал болгох үүднээс сайн сурталчлах хэрэгтэй байх. Хөөрхөн жаахан хүүхдүүд байгаа юм шүү дээ. Дөнгөж 10 гаран настай. Ийм хүүхдүүд ингэж гавьяа байгуулж байхад тоохгүй өнгөрч боломгүй байгаа юм. Х.Баасансүрэн лам хүртэл “Ийм жаахан хүүхдүүд гал унтрааж байгаа юм уу. Танай Хөвсгөлийн хүүхдүүд мундаг юм аа” гээд гайхаж байсан. Дөрвөн жаал бидэнтэй уулзаж, бидний ажил байдалтай танилцаж байхдаа их л хөөрхөн зүйлүүд ярьсан, цоглог хүүхдүүд байна билээ.

-ХУГАЦАА АЛДСАН БОЛ ГЭР МАШ ХУРДАН ШАТАЖ ДУУСАХ БАЙСАН-

-Гал юунаас болж гарсан юм бол?

-Урьчилсан байдлаар яндангаас унасан цог гэр дээр унаж шатсан юм билээ.

-Хүүхдүүд гал унтраах анхан шатны мэдлэг сайтай байсан юм шиг байсан. Хаанаас сурсан юм бол?

-Манай аймгаас жил бүр сурагчдын дунд “Өсвөрийн аврагч” тэмцээн явуулдаг. Тэмцээний үеэр сурагчид гал унтраах анхан шатны мэдлэг олж авч, гал гарсан тохиолдолд аврагчид ирэхээс өмнө ямар арга хэмжээ авах ёстойг сурч мэддэг уламжлалтай. Энэ тэмцээнийг л харж сонирхож байсан хүүхдүүд юм шиг байгаа юм. Тэр их тус болсон гэдгээ өөрсдөө хэлсэн.

-Хүүхдүүд галыг унтраагаагүй бол гэр богино хугацаанд шатах байх?

-Манай аймгийн Онцгой байдлын газар Мөрөн сумын төвийн чанх урд хэсэгт, төвөөсөө жаахан зайдуу байрладаг. Тухайн гал гарсан айл бол хамгийн алслагдсан хороо. Тодруулбал, гал унтраах ангиас 4.5 км орчим хол байсан. Тухайн өдөр бид аль болох шуурхай очсон. Гэхдээ салхи ихтэй байсан үед, биднийг очиж амжаагүй байхад гэр маш хурдан шатаж дуусах боломж бүрэн байсан. Харин эдгээр хүүхдүүд энэ аюулаас сэргийлж, гавъяа байгуулж чадсан. Ер нь зуны монгол гэр гуравхан минутын дотор шатаж дуусдаг. Өвлийн гэр таван минутад эд хогшилтойгоо шатаж дуусдаг.

Эх сурвалж: www.medee.mn

scroll to top