Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас тус аймгийн Боловсрол соёлын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд оюутан сурагчдыг сургаж дадлагажуулах зорилгоор “Өрхийн бэлэн байдал” дадлага сургалтыг зохион байгуулсан байна.
“Өрхийн бэлэн байдал дадлага сургалтын танилцуулга”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Химийн бодисын аюулгүй хэрэгцээ”, “Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох”, “Эмнэлгийн анхны тусламж”, “Газар хөдлөлт” зэрэг сэдвийн хүрээнд болсон уг сургалтад Ерөнхий боловсролын 19 сургуулийн нийгмийн ажилтнууд хамрагджээ.
Түүнчлэн танхимын сургалтын дараа нийгмийн ажилтнуудыг багт хуваарилан Ерөнхий боловсролын сургуулийн орчимд сурагчдад тохиолдож болзошгүй эрсдлийн үнэлгээ хийлгэж, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох гарцын талаар харилцан ярилцаж, заавар зөвөлгөө өгчээ.
Ийнхүү багш нарыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж, дадлага эзмшүүлэх нь сургуулийн орчны эрсдэл, эмзэг байдлыг бууруулж, болзошгүй гамшгийн аюул, нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ болон сэргээн босгох арга хэмжээг гүйцэтгэх мэдлэгийг сурагчдад түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзжээ.