Удам дамжсан цэрэг буюу бригадын генерал Г.Сайханбаяр

saihanbayr-brigadiin-general4.jpg

Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлтэй зайлшгүй холбоотой эрхэм бол бригадын генерал Г.Сайханбаяр. Салбарынхаа ачааны хүнд, асуудлын цөмтэй ажилладаг тэрээр 15 жил хурандаа цолыг зүүсэн юм билээ. Мэдээж энэ хугацаанд генерал цолыг хүртэх ёстой хүний нэгээр бичигдэж ирснийг салбарынхан нь мэднэ. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртсэн Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга энэ эрхэмтэй ярилцах хүсэлтээ нэлээн эртнээс илэрхийлж, саяхан уулзаж ярилцах боломж гарав.  Тэрээр хувь хүнийхээ хувьд аядуу зөөлөн бөгөөд ноён нуруутай гэмээр  тийм нэгэн цэргийн хар хүн байлаа.

БИЧГИЙН МЭРГЭД, АРМИЙН ГЭР БҮЛИЙН ЗАЛГАМЖ ХАЛАА

Г.Сайханбаяр генерал нийслэл хотод төрж өссөн ч уугуул нутаг нь Сайн ноён хан аймгийн Эетэй гүний хошуу буюу одоогийн Архангай аймгийн Жаргалант сум ажээ. Тэрээр нутаг уснаасаа төрсөн анхны, аймгийнхаа 19 дэх генерал.  Түүний  элэнц өвөө Бэх бичиг үсэг сайтай, хөрөнгө чинээ, мал хуй багатай бичгийн хүн байж. Өвөг эцэг Баатарбүргэд нь мөн л бичиг үсэгтэй төрийн хар хүн байсан бөгөөд нутаг орныхноо  бичиг үсэгт сургаж, орон нутгийнхаа бичгийн ажлыг нугалж явсан нэгэн байжээ.  Түүгээр ч барахгүй өвөг эцэг Баатарбүргэд нь Архангай аймгийн Жаргалант сум буюу хуучнаар Баянцагаан сумыг үүсгэн байгуулсан, хэд хэдэн сум нэгдлийн даргаар ажиллаж байсан, одоогийн Булган аймгийн Гурванбулаг сумын анхны нэгдлийн дарга, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан нэгэн юм. Залуухан генерал маань ийм л номын мэргэдийн үр хойч болон хорвоод мэндэлж, армийн гэр бүлд өсч хүмүүжсэн байна. Түүний аав Б.Гүрсэд Баянхонгор аймгийн Богд сумаас ажлын гараагаа эхэлж бага, дунд сургуульд багшилж байгаад  1961 онд цэргийн албанд татагдсан байна. Дээд боловсролтой цэрэг албаа хаагаад  Дарханы пуужингийн 034 дүгээр ангид Эвлэлийн үүрийн даргаар улирснаар армитай амьдралаа холбосон түүхтэй. Түүнээс хойш Ардын армийн дуу бүжгийн ансамблийн орлогч даргаар 10  жил, Цэргийн төв эмнэлгийн намын хорооны даргаар ажиллаж байсан дэд хурандаа цолтой хүн байжээ. Харин ээж Цэрэндулам нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат, армид насаараа нягтлан бодогч хийсэн бөгөөд өдгөө гавьяаныхаа амралтыг эдлэн үр, ач нараа тойруулан жаргаж сууна. Г.Сайханбаяр генерал эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Мөнхжаргал нь эдийн засагч мэргэжилтэй, мөн л батлан хамгаалах салбарт ажилладаг юм байна. Аавынхаа аваагүй цолонд хүрч, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваа тэрээр  “Би аавынхаа насан дээр ирсэнийхээ дараа аав минь ямар залуудаа бурханы орон руу яваа вэ” гэж харамсдаг. Эргээд харахад аавын маань сургааль, хүмүүжил энэ амьдралыг маань тэгшилж өгсөн байна гэж баярладаг хэмээн онцолж байлаа.

ААВЫНХАА ЗАХИАС, АРМИЙНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО 

Бригадын генерал Г.Сайханбаяр  наймдугаар ангийн сурагч байхдаа аавтайгаа энэ зургийг татуулж байжээ. Дэд хурандаа Б.Гүрсэд

Түүний аав хүүгээ арван жилийн сургуулиа төгсөөд ЗХУ-д сургуульд явах  болоход “Бага хүүгээ гадаад руу явуулахгүй, өөрийнхөө мэргэжлийг өвлүүлнэ” гэсээр л армид оруулсан гэнэ. Энэ сонголт нь онож, өдгөө хүү нь батлан хамгаалах салбарт нэр төртэйгээр хүчин зүтгэж, өнөөдрийн генерал армийн хүн болжээ. Г.Сайханбаяр генерал дунд сургуульдаа арван жил ангийн дарга, дээд сургуульд дөрвөн жил сурахдаа нэгдүгээр курсын эхний хагас жилээс тасгийн захирагч, курсын орлогч, түрүүч цолтойгоор ажилласан бол  одоо ч дарга хийж явна. Тэрээр армид алба хаах болсон тухайгаа “1989 онд сургуулиа онц төгссөн. Цэргийн үндсэн ойлголт, хүмүүжил, төлөвшлийг тэндээс олж авсан. Тухайн үед манай тэнхимд хурандаа, доктор Дамбийням, Моголцог, Банзрагч гээд сор болсон эрдэмтэд багшилж байлаа. Суурь шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэгтэй хүмүүс байсан төдийгүй одоо ч тэднийхээ заавар зөвлөгөөг сонсдог. Хошууч генерал Бямбацогт, Гаваа, хурандаа Рагчаа гээд шилдэг цэргийн дарга нараас хатуу үг сонсч, үүргийг нь биелүүлж явсан маань цэргийн амьдрал албанд эргэлт буцалтгүй зүтгэх хөшүүрэг болсон. Манай курс 18 аймаг гурван хотоос 33-уулаа цуглаж одоо төрөл бүрийн салбарт ажиллаж бахархалтай сайхан явна” хэмээв. Түүнийг дээд сургууль төгсөх үе зах зээлийн нийгэмд шилжсэн, олон хүн армиас гарч байсан завсрын хүнд цаг үе байжээ.   Сургуулиа төгсөөд Улиастайн дивиз, 016 дугаар нэгтгэлээс ажлын гараагаа эхэлж зенит, пуужингийн тусгай хорооны сургуулийн салбарын улс төрийн орлогчоор эхэлж байжээ.  Г.Сайханбаяр генералыг армид 30 гаруй жил тууштай зүтгэхэд аав нь нөлөөлсөн аж. Дөнгөж сургуулиа төгссөн дэслэгч ажилдаа ороод жил болоогүй байхад нь аав нь бурхны оронд оджээ. Энэ тухай тэрээр “Миний аав цэргийн хүн болоорой гэж мэргэжлээ залгамжлуулахыг хүссэн учраас тууштай байх нь зөв юм байна гэж бодож, түүнээс хойш армид 31 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна” гэв.

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ, ЧИГЛҮҮЛЭГЧ ЛУУЖИН

Бригадын генерал цол хүртээд хамгийн түрүүнд ээждээ очжээ.

Бригадын генерал Г.Сайханбаяр 1994 оноос Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллах болжээ.1996 онд Батлан хамгаалах яам, ЗХЖШ шинэ тогтолцоонд шилжиж  байсан цаг үед салбарын сайд Д.Дорлигжаваас ЗХЖШ-ын Мэдээлэл, соёл, сурталчилгааны хэлтсийн даргаар ажиллах санал тавьсан байна. 28-тай залуу хариуцлагатай албанд очихдоо их л сандарсан тухайгаа “Тэр үеийн газар, хэлтсийн дарга нар ихэнх нь 45-аас дээш настай, өндөр боловсролтой арвин туршлагатай байдаг байсан  учраас 28 настай залуу их л  айж, сүрдэж бахархаж, тэднээс сурч явсан” гэлээ. Яг тэр үеэс эхлэн цэрэг нам, улс төрийн байгууллагаас хараат бус болж эхэлсэн гэнэ. Цэрэг нам, улс төрөөс ангижирсан үйл явцыг шинэ нөхцөл байдалд хэрхэн төлөвшүүлэх, нийгмийн шилжилтийн эгзэгтэй үед цэрэг, офицерүүдтэй яаж ажиллах, ямар бодлого баримтлах гэх зэргээр шинэчлэлийн сорилтыг  Г.Сайханбаяр генерал эхлүүлсэн байдгийг салбарынхан нь мэдэх юм билээ. Өөрөөр хэлбэл, Мэдээлэл соёл сурталчилгаа хүмүүжлийн хэлтсийн даргад цэргийн доторх нам, улс төрийн ажлыг мэдээлэл, соёл хүмүүжлийн ажил болгох чанар, агуулгын шинэчлэл хийх үүрэг оногдсон байна..

Тэрээр Батлан хамгаалах яаманд ажиллаж байх хугацаандаа  үе үеийн удирдлагууд буюу найман  сайдтай гар нийлэн ажилласан байдаг юм байна.  Ж.Гүррагчаа, Б.Эрдэнэбат, М.Сономпил, Ж.Батхуяг, Ц.Шаравдорж, Л.Болд зэрэг  сайд нарын тамгыг түшсэн ховорхон хувь заяа түүнд тохиожээ. Энэ тухайгаа “Үе,  үеийн сайд нар батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхээр өөр, өөрийн онцлог, өвөрмөц арга барилаар салбарын бүрэлдэхүүнээ удирдаж, ажиллаж зүтгэж ирсэн. Улс төрч, дипломатч, эдийн засагч, хуульч, эрдэмтэн, цэргийн удирдагч сайд нарын онцлог өөр өөр. Зарим нь цэргийн амьдралыг огт мэдэхгүй хүмүүс ирдэг мөртлөө асуудлыг маш ажигч гярхай олж харж их зоримог ажилладаг. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хамгийн шударга, цэгцтэй зохион байгуулалттай, бусад салбараас онцгой хариуцлагатай байдаг. Тамгын газрын ажил хамгийн ярвигтай өдөр тутмын ачаалал ихтэй олон ажлыг зохицуулдаг. Батлан хамгаалах салбарын боловсон хүчний бодлогыг зангиддаг, чиглүүлдэг, яамны дотоод зохион байгуулалтын ажлыг хариуцдаг. Мөн шинэ  тогтолцооноос хойш ажилласан дөрвөн Төрийн нарийн бичгийн даргатай ажилласан. Ц.Дашзэвэг, С.Баасанхүү, Ц.Тогоо, М.Борбаатар генерал гээд энэ салбарын төлөө зүтгэж явсан үе үеийн шилдэг дарга нартай хамт ажиллаж, суралцаж явсны ач буян их ээ…” гэж байлаа.

Г.Сайханбаяр генералын одоогийн албан тушаал бол батлан хамгаалах, улс орны аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиудыг боловсронгуй болгож, мөрдүүлэх гол гал тогоо чиглүүлж байдаг луужин болсон газар юм. Батлан хамгаалах салбарын хуулиудын шинэчлэлийг гардан зохион байгуулах гол үүргийг тэрээр гүйцэтгэж байна. Энэ талаар “Өнөөдөр энэ цаг үед Батлан хамгаалах багц хуулиудын шинэчлэл УИХ-аар ид хэлэлцэгдэж байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн алба хаах тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд. Эдгээр хуулиудыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон. Зэвсэгт хүчний хөгжил дараагийн үе шатандаа шилжиж байна. 20 жилийн өмнөхтэй  харьцуулахад алга эргэсэн юм шиг өөрчлөгдөн хөгжсөн. Хууль эрхзүйн шинэчлэл ямагт түрүүлж явах ёстой. Өнөөдөр Монгол цэрэг дэлхийн хэмжээнд үнэлэмжээ хүлээн зөвшөөрүүллээ. Үүнийг 13 мянган албан хаагч дэлхийн энхийн үйлд үүрэг гүйцэтгэж байгаагаас харж болно. Цэргүүдийн хүмүүжил төлөвшил, хариуцлага, эх орноо гэсэн сэтгэл их өөрчлөгдсөн” гэж байна. Батлан хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарынхаа төлөө цохилох зүрх, амьдралаа зориулж яваа түүнд армийнхан ам сайтай байдаг юм билээ. Цэргийн нэгдсэн дээд сургууль, БНХАУ-д Үндэсний Батлан хамгаалах их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг цэргийнхнээс анх удаа, ОХУ-д ЗХЖШ-ын академийг төгссөн Г.Сайханбаяр генерал шиг боловсролтой, мэдлэг, чадвартай генералууд энэ салбарт олон байгаа нь дамжиггүй. Магадгүй тэр түүчээ нь ч байж магад.

Ингээд генерал хэмээх мөрдэсийг зүүгээд удаагүй байгаа залуухан генералыг онцоллоо. Энэ сарын 28-нд  “Монгол генералуудын өдөр” тохиож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

scroll to top