2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь дэмжсэн юм.
Уг тогтоолоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн биелэлтийг хангах, хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хангах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Монгол орны болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт, цаашдын төлөв байдал, аюулын үнэлгээний судалгаа болон мониторингийн ажлыг өргөжүүлж эрчимжүүлэх, томоохон хот суурины газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хийж гүйцэтгэх, Газар хөдлөлтөөс хамгаалах арга хэмжээг хот төлөвлөлтийн бодлогод тусгаж хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулж, суурьшлын бүс, дагуул хотыг газар хөдлөлтийн эрсдэл багатай бүс рүү төлөвлөж хөгжүүлэх арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа.
Түүнчлэн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгаж, барилга байгууламжийг паспортжуулах ажлыг 2017 онд багтаан дуусгах, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг буулгаж шинээр барих, ашиглах боломжтой барилгын судалгааг гаргаж, тэдгээрийг үе шаттайгаар бэхэлж хүчитгэх ажлыг зохион байгуулах, барилга байгууламжийн хийц, бүтээц, эдлэхүүн, материал, түүхий эдийн бат бэх чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлох, техник технологийг туршин шалгаж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий нэгдсэн лабораторийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллуулж, орон нутагт сүлжээ бий болгон өргөжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар тусгажээ.
Мөн төлөвлөлтийг боловсронгуй болгох, бэлэн байдлыг хангах, гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцоог өргөтгөх, улсын болон байгууллага, аж ахуйн нэгжийн нөөцийн удирдлага, чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэд, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг заасан байна.