Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн 473, 476, 477 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаанхудаг” гэдэг газар малчин С-ийн 3 хонь 2016.04.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;  

Говь-Алтай амгийн Бигэр сумын Мянган багийн “Мэлтэрт” гэдэг газар малчин Г-гийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин Г-гийн 1 үхэр 2016.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  “Дуут хавдар”  өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мандал багийн “Сээрийн-Өлийн даваа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Халзан сухайт” гэдэг газар малчин М-ийн 1 тэмээ 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;

Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Бух” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2016.04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнийг устган, түргэвчилсэн тестээр шалгахад “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлзийт багийн “Асагт-Мөнх” гэдэг газар малчин П-гийн 1 нохой 2016.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн 4 үхэр 2016.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Өлгий” гэдэг газар малчин Ө-гийн 1 үхэр 2016.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Уул багийн “Хэцүү өвөр” гэдэг газар 1 үнэг 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Бадар тогт” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.

2.Ой, хээрийн түймэр:

 Унтраасан түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн “Ташгай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.19-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0198 дугаар ангийн 67 албан хаагч, орон нутгийн 58 иргэн, нийт 147 хүн 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.04.20-ны өдрийн 13:00 цагт;

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Мухар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 13:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 39 хүн ажиллаж 2016.04.20-ны өдрийн 19:52 цагт;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны “Булагтай” гэдэг газар  /тосгоноос зүүн зүгт 40 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 24 хүн ажиллаж 19:14 цагт тус тус  унтраасан.

Цурамд оруулсан түймэр: Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн “Овоотын-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 17:03 цагт хүлээн авч орон нутгийн 43 иргэн ажиллаж 2016.04.20-ны өдрийн 19:15 цагт;

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Улаан давааны “Баруун хар чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 35 хүн ажиллаж 2016.04.20-ны өдрийн 18:30 цагт тус тус цурамд оруулсан.

Асч байгаа түймэр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км/ хээрийн түймэр гарч тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархан шатсан тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, Хөлөнбуйр сумын 40 иргэн, Булган сумын 10 иргэн, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, Баруун-Урт сумын 16 иргэн, Сүхбаатар сумын 21 иргэн, нийт 141 хүн,

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Зүүн гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км/ ойн түймэр гарсан дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Сэлэнгэ сумын 8 иргэн, нийт 20 хүн,

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн зүүн бүрхийн “Дуутын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд  зүгт 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 20165.04.20-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 50 хүн,

Дорнод аймгийн Баяндун сум, Баян-Уул сумын залгаа нутаг Хархираа багийн “Сонгоол даваа” гэдэг газар /Баян-Уул сумын төвөөс зүүн зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 24 хүн тус тус ажиллаж байна.

3.Объектын гал түймэр: 

 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 17, орон нутагт гал түймрийн 9, зөрчлийн 3, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд гэр, малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 12:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 10 айлын нийтийн байрныг түрээслэгч иргэн О-гийн өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 15:49 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн “Нурамт” гэдэг газар иргэн Н-ийн 4 ханатай гэр, малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 08:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 13:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын Өгөөмөр багт хашааны өвс шатсаны улмаас 5 ханатай гэр шатах гээд байна гэсэн дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 17:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт иргэн Т-гийн хашаанд үртэс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 17:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнх толгой багт малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 17:59 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Чулуут багт иргэн Э-гийн хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 7 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ажилчины” 8 дугаар гудамжинд асгасан малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 18:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 20:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 49 дүгээр ангийн 5 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Бунханы” “Задгай”-д хаясан их хэмжээний хог шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4.Техникийн холбогдолтой осол:

Ахуйн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тагтан дээр цогцос байна хаалгыг онгойлгох тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 09:12 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж иргэн Н /26 настай, эрэгтэй/ боомилсон байдалтай нас барсан байсан тул цогцсыг буулгаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд;

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр” захын урд талд 20 тн усны саванд цогцос байна гэсэн дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 12:18 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж  нэр хаяг тодорхойгүй /35-40 настай эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top