БНХАУ, Монгол Улсын хил орчмын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан түймрийн үед хамтран ажиллах тухай 6 дугаар хуралдаан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод 2016 оны 04 дүгээр сарын 15-наас 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд боллоо.
Уг хуралдаанд Монгол Улсын талаас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, БНХАУ-ын талаас тус улсын Ойн хорооны Ойн яамны гал түймэртэй тэмцэх газрын дарга Дү юу Шин, ӨМӨЗО-ны тэргүүн дэд дарга Ван И мин нарын тэргүүтэй ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгийн Ой хээрийн түймэртэй тэмцэх албаны удирдах хүмүүс оролцов.
Уулзалт хуралдааны үеэр ой, хээрийн түймрийг хэрхэн унтраах нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулж, өнөөгийн хэрэглэж байгаа техник, хэрэгслийг үзэж туршлага судаллаа.
Мөн өнгөрсөн онд хил дамнан гарсан түймрийн нөхцөл байдал, цаашид харилцан анхаарах асуудлын талаар ярилцаж бүс нутгийн түвшинд өмнө байгуулсан гэрээнд тодотгол хийлээ.
Уг гэрээнд тусгагдсаны дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүгээс Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт 655 мянган юанийн үнэ өртөг бүхий түймэр унтраах зориулалт бүхий үлээгч аппарат, хөдөлмөр хамгааллын хувцас, хээрийн майхан зэргийг буцалтгүй тусламж болгон өглөө.