Монголын бас нэгэн оюунлаг гэр бүлийн тухай өгүүлье.
Базарын Цэдэн-Иш гуай бол тэр бүр хүнд тохиохгүй гайхалтай хувь тавилантай хүн.
Цэдэн-Иш гуай 103 насалсан, 100 настайдаа МУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртсэн, улсад 60 гаруй, түүнээс хилийн цэрэгт 40 гаруй жил ажилласан, хуулийхны дээд шагнал Гавъяат хуульч, дипломатчдын дээд цол Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, монголд дэслэгч генерал цол хүртсэн 20 хүрэхгүй хүний нэг, гарын 5 хуруунд багтах Хөдөлмөрийн баатар генерал, Хилийн цэргийн дарга байсан хүнээс Хөдөлмөрийн баатарын цол хүртсэн 2 хүний нэг гэх мэт сонирхолтой түүх намтартай хүн.
Монголын хилийн 4,5 мянган км-ийг өөрөө очиж тогтоож байснаас гадна Хил тогтоох комиссын дарга, элчин сайд зэрэг ажил хийж явсан хүн. Баатараас бусад бүх цол, хэргэм нь хуучин нийгмийн үеийнх.
Сүхбаатарын одонгоор гурван удаа шагнуулж байсан.
Буриад үндэстэн, огт монголжоогүй нутгийн аялгаараа ярьдаг, том биетэй, бүдүүн дуутай, япон сахалтай, харахад цэргийн дарга гэмээргүй дөлгөөн тайван сайхан хүн.
Генерал гэдэг хүний кинон дээрээс харж байсан миний бие шинэ цэрэг байхдаа анх удаа өргөн улаан кант /эмжээр/-тай өмдтэй, гоё өлзий петлизтэй /энгэр дээрх таних тэмдэг/, сүрлэг чимэглэлтэй дамар малгайтай генерал гэгчийг амьдаар нь анх харсан нь Цэдэн-иш гуай. Цэрэгт улирах огт бодолгүй мөртлөө цэргийн ийм гоё дарга болчихвол гоё ч юмуу гэж бодож байснаа одоо эргэн санахад өөрөөсөө ичдэг юм. Генерал болохыг мөрөөддөггүй цэрэг байдгүй гэж тэр байхдаа хөөрхий. Цэдэн–Иш гуайгаас болоогүй ч гэсэн цэргийн дарга болсоон би.
Шинэ цэргийн тэр уулзалтан дээр Цэдэн–Иш гуайн намайг дахин нэг алмайруулсан нь түүний ой тогтоолт байв. Хил тогтоож явсан тухай ярихдаа аль 30-40 жилийн өмнөхийг сартай өдөртэй нь бичиг баримтыг огноотой нь, тааралдсан цэргийнхээ овгийг аймагтай нь хэлж байв. Бүүр хожим 80 гарсан хойно нь нэг уулзалт хийх үед нь таарахад яг л хэвээрээ тэгж ярьж байсан.
Цэрэгт хүн 25 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг бол тэр хүн бараг нэг дахин илүү хугацаагаар алба хаасан. Цэргийн алба ялангуяа Хилийн цэргийн алба бол хүнд алба.
Монголчууд 60 насандаа тэтгэвэртээ гардаг бол тэр 60 гаруй жил ажилласан хүн. 90 гарчихсан хойноо Сансарт сэмбийтэл алхаж яваа харагддаг байсан. 100 насандаа баатарын цолоо Ордоноос очиж авсан санагдана. Үнэндээ бол би Цэдэн-иш гуайтай барьж ч үзээгүй, ойр байгаагүй. Надаас өмнө Хилийн цэргийн дарга байсан.
Хилийн цэрэгт Харуулын даргаас командлагчийг нь хүртэл ажилласан Цэдэн–Иш гуай ШУ-ны доктор цолтой, эрдэмтэн хүн. Бага сургууль ч төгсөөгүй, бүгдийг бие дааж сураад хожим орост Фрунзийн Цэргийн академийг онц төгссөн юм билээ. НАХЯ-ны орлогч сайд, гадаадад элчин, Хил тогтоох комиссын дарга зэрэг хариуцлагтай алба хашсан, хэд хэдэн ном бичсэн, Монголын хилийн 4,5 мянган км-т өөрийн биеэр очиж хил тогтоосон зэрэг сонирхолтой олон намтар түүнд бий.
Тэднийх 3 хүүхэдтэй, тэд нар бүгд доктор цолтой эрдэмтэд. Нэг бэр нь мөн доктор. Таван доктортой айл. Бас л ховор хувь заяа.
Хүү Энхжаргалтай нь 80-аад онд Хилийн цэргийн удирдах газарт хамт ажиллаж байсан. Сайн бууддаг, биеийн тамирт их сайн, байлдааны бэлтгэлийн чиглэлээр ажиллаж байсан, сүүлд тагнуулд ажиллаж байхад мөн Тагнуулын дээд сургуульд багшилж, тэнд удсан, хурандаа цолтой, цэргийн ШУ-ны доктор.
За нэгэн сайхан буурайн тухай товч өгүүлэхэд ийм буюу.
Үүнийг уншсан хүн бүр энэ хүний насыг авах болтугай.
Бичээчийн Батмөнх.
2016-04-12