Монголд хариуцлага гэдгийг мэддэг хүн, байгууллага гэж алга. Хууль журам гаргаад л байдаг, дагаж мөрддөггүй. Эрхээ л эдлэхээ мэдэхээс биш хариуцлагаа ухамсарладаггүй. Нэг ёсондоо хэтэрхий их эрх чөлөө эдэлж байгаа хүмүүс. Хамгийн наад зах нь Онцгой байдлын газар, Цаг уураас цасан шуурга шуурна, байгалийн онц аюултай үзэгдэл болно.
Хол замд явж болохгүй, ганц нэгхэн өдөр тэсчих. Амь нас, эрүүл мэндээ бодоорой гээд анхааруулаад, сэрэмжлүүлээд байхад тоодоггүй. Тоохгүйгээр үл барам заавал зөрж, хөдөө орон нутаг руу явдаг. Ингээд л цасанд сууж, машин тэрэг нь эвдэрч, амь насаа алдах дээрээ тулна даа. Өнөө цагт цаг агаарын мэдээ, байгалийн онц аюултай үзэгдлийн сэрэмжлүүлгийг олж сонсохгүй хүн байхгүй байна гэж үгүй.
Телевизээр, радиогоор, сонин хэвлэлээр, цахим сайтуудаар мэдээлж, анхааруулж байна. Фэйсбүүк, твиттер гээд сошиал сүлжээгээр ч иргэд мэдээлж, анхааруулдаг. Энэ өргөн сүлжээний аль нэгээр нь иргэд цаг агаарын онц аюултай үзэгдлийн сэрэмжлүүлгийг сонсч, үзэж, харж л байгаа. Тийм байтал зөрөөд, бүр хулгайн замаар хүртэл явах тохиолдол гарсан. Сүүлийн хэдхэн жишээ дурьдахад, анхааруулсаар байтал хэчнээн хүн хөдөө орон нутаг руу явж байгаад цасанд сууж, ОБЕГ-ын аврагчдыг дуудсан билээ. Хүн бүр л хэвлэл мэдээллийн хэрэгслээс үзэж, харж байгаа. Бүр зарим залуучууд сайн дураараа аврах ажиллагаанд оролцож, шатахуун тосоо үрээд л явсан шүү дээ.
Дээрээс нь аврагчид ч гэсэн эрсдэлд орохгүй шүү дээ. Бүх зүйл уялдаа холбоотой. Тийм болохоор иргэдийн ухамсар, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд сэрэмжлүүлсээр байтал зөрж яваад, цасанд сууж, шуурганд өртсөн нөхдүүдээс ядаж л аврахаар очиж байгаа аврагчдын машиндаа хийсэн шатахуун түлшний мөнгийг гаргуулж байх нь зөв.
Хамгийн гол нь анхааруулсаар байтал хэнэггүй зан гаргаж, гайгүй байлгүй гэж муйхарладаг. Эсвэл том машиндаа найдаж, ямар ч их цас байсан туулаад гарна гэж онгирдог ойворгон зангийн улмаас улс орны, татвар төлөгчдийн хэдэн арав, зуун сая төгрөг үрэгдэж байгаа билээ дээ. Нэг машин цасанд суухад л аврах гэж очиж байгаа албан хаагчдын том машинд хийж байгаа шатахуун, түлш гэхэд хэдэн төгрөг болох билээ. Мэдээж гэнэтийн аюулд өртсөн иргэдийг бол аврах л ёстой.
Харин анхааруулсаар байтал, сануулсаар байхад зөрж явж байгаа, бүр хулгайн замаар “зүтгэж” буй хэнэггүй, тоомжиргүй, амиа бодсон нөхдүүдээс аврах гээд очиж байгаа аврагчдын ажлын хөлсийг гаргуулдаг байя. Үгүй юм аа гэхэд, тийшээ очоод, эргэж ирэхэд зарцуулсан шатахуун түлшний мөнгийг ч болов авч баймаар байна. Тэгэхгүй нэг л их эрхээ эдэлсэн хүмүүс. Битгий хөдөө яваарай гээд байхад миний эрхийг боодог хэн бэ гэсэн хандлага гаргаж зүтгэж байгаа юм. Яах вэ, зарим үнэхээр чухал ажилтай байдаг л байх. Гэхдээ амь наснаас илүү чухал ажил гэж юу байх вэ дээ. Хэрвээ цасанд суугаад, боогдчихвол Онцгой байдлын аврагчид намайг аврах ёстой.
Би татвар төлөгч учраас авруулах эрхтэй гэж даналзах байлгүй. Тийм байтал үүрэг, хариуцлагаа огт боддоггүй. Тэр хүн нэг л өдөр тэсчихээд гарсан бол Онцгой байдлын аврагчид тийшээ явахгүй, шатахуун тос гэж мөнгө үрэхгүй. Дээрээс нь аврагчид ч гэсэн эрсдэлд орохгүй шүү дээ. Бүх зүйл уялдаа холбоотой. Тийм болохоор иргэдийн ухамсар, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд сэрэмжлүүлсээр байтал зөрж яваад, цасанд сууж, шуурганд өртсөн нөхдүүдээс ядаж л аврахаар очиж байгаа аврагчдын машиндаа хийсэн шатахуун түлшний мөнгийг гаргуулж байх нь зөв. Ингэж байж иргэдийн ухамсар бага ч болов дээшилнэ. Өнөөдөр манайхан хэлж яриад, ухууллаа гээд ерөөс ойлгохгүй, хүлээж авдаггүй. Тийм болохоор эдийн засгаар нь хөшүүрэгдэхээс өөр арга алга байна.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин