Монгол орон газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа нь анхаарах асуудлуудын нэг болоод байгаа юм.
Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдсан билээ.
Тиймээс цаашид төрийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг нягтаршуулах, аливаа гамшиг ослын үед төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, шинжлэх ухааны ололтод түшиглэсэн арга ажиллагааг нэвтрүүлэх үүднээс газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээний ажил явуулахаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Шинжлэх ухааны академийн харъяа Одон орон геофизикийн хүрээлэн хамтран ажиллахаар болж энэ сарын 19-нд санамж бичиг, гэрээ байгууллаа.
Санамж бичиг, гэрээнд Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, профессор С.Дэмбэрэл нар гарын үсэг зурав.
Хүрээлэнгүүд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах асуудлаар хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, үр дүнг нийтийн хүртээл болгох, газар хөдлөлтийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг мэдээлэл, арга зүйн зөвлөмжөөр хангах, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээллийг харилцан солилцож ажиллах юм.