Хээрийн түймрийн араас нь бус урдаас нь “хашгирдаг” байя

DSC_1592_看图王-1.jpg

Улаанбаатарт улстѳржиж, нам эвсэл наана цаанаа орж байх зуур эх орны дорнод хязгаар хээрийн түймэрт сѳгдѳж сѳхрѳх дээрээ тулав. Ѳдийд ѳвсний толгой нь үнэгэн зоо шиг халиурч байдаг энэ тал нутаг ойрын хэд хоног улаан галаар ѳрвѳлзѳж байна. Даарин дээр давс гэгчээр хаврын хавсарга, хүчтэй салхи түймрийг ѳдѳѳж, омог сүрийг улам бадраав бололтой. Ѳнгѳрсѳн хоногуудад тухайн бус нутагт салхи 20-24 м/сек-ийн хурдтай байжээ. Хэлж бус хийсч ирдэг гай гэвэл хээрийн түймэр. Жил жилийн хавар ёс юм шиг дэгддэг хээрийн түймрийн урхаг уршгийг мѳнгѳн илэрхийллээр тооцно гэвэл хэдэн зуун тэрбумаар хэмжигдэнэ.

2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг унтраахаар МИ-8 нисдэг тэргээр явсан ОБЕГ-ын 20 гаруй аврагч осолдож ихэнх нь амь насаа алдсан. Хэн гэгчийн тарьсан балаг ийн олон сайхан идэр эрсийн амийг авч одсон бэ. Араас нь нэхэх хариуцлага яригдсан уу. Хариуцлагагүй, хэнэггүй байсныхаа тѳлѳѳ бидний тѳлж буй үнэ цэнэ, гарз хохирол энэ мэт дэндүү их.

Эд хѳрѳнгѳ, ан амьтан, мал сүрэг, эрдэнэт хүний амь нас… Энэ бүхэн Монголд өнөөдөр илүүдээ гараагүй. Дорнодын Сэргэлэн сумын нэгдүгээр багийн малчин бүсгүй гэр орон мал сүрэг, хамаг бүхнээ түймэрт алджээ. Тэднийх уг нь түймрийн хамгаалалт зурвас татсан ч тусыг эс олжээ. Ойрын түймрийн оч хийсч ирээд л байсан бүхнийг нь хуйхалчихаж. Бий-гээс гурван бие өмссөн хувцастайгаа үлдсэн нь аз. Хашаанд нь байсан 80-аад хонь, 60 гаруй ямаа, таван тугал, орон гэр нь нүд ирмэхийн зуур шатчихжээ. Өрвөлзсөн улаан галын өмнө хүчин мөхөсдсөн иргэд худагт орж амь гарсан тохиолдол ч байна.

Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархаж, энэ үеэр мөн сумын гурван иргэн амь үрэгджээ. Тэдний хоёр нь 10-15 насны хүүхэд байсан гэнэ. Иймэрхүү эмгэнэлтэй гэхэд багадмаар мэдээ зөвхөн энэ хаврынх бус. Урьд жилүүдэд ч гарч байсан. Гал унтрааж явсан Онцгой байдлын гал сөнөөгчид ч түймэрт өртөж амь насаа алдаж байсан нь бий. 2013 онд Хэнтий аймгийн Хэрлэн, Батноров суманд гарсан хээрийн түймрийн улмаас хоёр хүний амь эрсдэж, 1000 гаруй хонь амьдаараа хуйхлагдаж байв. Зөвхөн Дорнод аймгаар жишээлж ярихад сүүлийн 5 жилд 238 удаагийн ой, хээрийн түймэр гарч 7 хүний амь нас эрсдэж, нийт тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх дүн бас байна.

Саяхан Дорнод аймгийн онцгой комисс хуралдаж түймрийн нөхцөл байдлыг авч хэлэлцсэн байна. Үүгээр Булган, Хөлөнбуйр, Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Чойбалсан, Халх гол суманд гарсан ой, хээрийн түймрийн шалтгааныг тогтоох ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан гэнэ. Үгүй яахав, ядахад шалтгаан нь тогтоогдож байвал хойноос нь ярих хариуцлага гэж бас байдаг биз.

Энэ хаврын тухайд зүүн аймгуудын нутгаар хуурайшилт аюултай түвшинд байна гэдгийг мэргэжлийн байгууллагынхан сануулж буй. Түймэртэй нутгуудаар яваад ирсэн орон нутгийн танилаасаа нѳхцѳл байдлыг тодруулбал, одоогоор ихэнх түймрийг унтраасан. Зарим газар нүд хальтрам байна. Шатсан ѳвѳлжѳѳ хаваржаа, айл гэр, уйлж дуулсан хүмүүс, үхсэн мал хуй гээд орхигдож сѳнѳсѳн ертѳнц нэг ийм байдаг болов уу гэмээр байна гэв. Түймрийг унтраахад Онцгой байдлын албан хаагчдаас гадна нутгийн иргэд, Хилийн 0198 дугаар ангийн албан хаагчид ажиллаж байгаа аж.

Харин Сүхбаатар аймгийн хувьд он гарсаар найман удаагийн хээрийн түймэр гарсан гэж тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Энхбаатар хэллээ.

Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 11 аймгийн 31 суманд 39 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 210 га ой, 49.841га хээр, нийт 50.051 га талбай түймэрт ѳртсѳн байна. Ой, хээрийн гал түймрийн улмаас 3 хүн нас барж, 4 хүн түлэгдэж гэмтсэн мѳн 4 гэр шатсан гэх мэдээлэл байна. Түймрийг унтраахад Онцгой байдлын 362 албан хаагч, Хилийн цэргийн 189 албан хаагч, орон нутгаас 937 иргэн, нийт 1488 хүн дайчлагдан ажилласан гэж ОБЕГ гаргажээ.

Энэ тоо, тооцоо ч яахав хамгийн гол нь гамшгийн үр дагавар. Түймэр гардаг, түүнийг нь үлэмжхэн гарз хохирол, хѳрѳнгѳ мѳнгѳ зарцуулан байж унтраадаг нь жил жилийн хаврын “уламжлалт” дүр зураг болсоор удлаа. Хэн нэгний хариуцлагагүйгээс гараас алдарсан галтай иймэрхүү аргаар хэдий болтол тэмцэх вэ. Энэ янзаараа он жилийг үдсээр байх уу гэдэг нь түймрээс түрүүлсэн асуудал болоод байна.

Хавар болдог нь үнэн, салхи шуургатай байдаг нь бас үнэн, хуурайшилт аюултай түвшинд хүрдэг нь маргах аргагүй үүсийн ѳѳрсдийнх нь хариуцлага хайш яайш гэдэгтэй бол ярих ч юмгүй. Ийм нѳхцѳлд яаж түймэргүй, гарз хохирол багатай хаваржих вэ. Энэ л бодлого баймаар.

Зарим түймэр хоёр хѳршийн нутгаас орж ирдэг. Харин ийм хэрмэл түймрээс сэргийлэх нэг аргыг хилийн зурвас нутагт хадлан бэлтгэх замаар хамгаалалтын зурвас бий болгох боломжтой гэж байна. Үүнээс гадна нийт 250 км урт шороон зурвасыг хойд хил дээр байгуулсан гэнэ. Түүнчлэн сумаас сумд дамжсан туймрээс хамгаалахын тулд сумдын зааг нутгийг иймэрхүү хамгаалалтын шороон зурвастай болгож болно. Түймрийн үед хамгийн их хэрэгтэй зүйл нь үүл буудагч аппарат гэнэ. Одоогоор 21 аймгийн 35 экспедиц байгаа гэхчлэн ярьж байна. Энэ мэтчилэн хээрийн түймрээс үнэхээр хамгаалдаг арга чарга, боломж нѳхцѳл байдаг бол дорнод бүсэд түүнийг нь хамгийн түрүүнд бий болгоё. Бас тэр нутгийнхныг хариуцлагатай, сонор сэргэг бас түймэртэй тэмцэх, амь нас эд хѳрѳнгѳѳ хамгаалах арга барилд сургая. Тэгээд ѳнгѳрсѳн түймрийн араас үг дайх бус угтуулж сэргийлдэг болмоор байна.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

scroll to top