-Эрхэм бригадын генералаа танд Монгол Улсад генерал цол бий болсны 72 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье?
-Баярлалаа. Олон арван уншигчтай “Монголын мэдээ” сонины хамт олон болон танай уншигчдад энэ өдрийн мэнд дэвшүүлэхийн ялдамд өнөөдөр баяраа тэмдэглэн, хөл хөөртэй яваа эрхэм генералууддаа баярын мэнд дэвшүүлэн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь дамжуулж өгөөрэй.
-Та бид хоёр энэ удаагийн ярилцлагаа таны удирдаж буй Онцгой байдлын ерөнхий газрын цаг үеийн асуудлаас эхлэх нь зөв байх. Бичин жилийн өвлийг монголчууд харьцангуй гарз хохирол багатай даван тууллаа гэж би хувьдаа ойлгож байгаа. Өмнө нь тэнд тийм зуд турхан боллоо, аж ахуйн нэгж, байгууллагууд дор хаяж гурван өдрийнхөө цалинг малчдад хандивлана уу хэмээгээд л, зурагтаар малчны хотонд хийсэн нүд хальтрам сурвалжилсан тэмдэглэлийг үзүүлдэг байсан. Энэ жилийн тухайд нам жимхэн өнгөрч байх шиг байна?
-Дэлгэр Монгол оронд минь хөхөө донгодож, нялх төлийн дуу цангинасан урин цаг ирсэн байна. Онцгой байдлын ажилтан, албан хаагчдын тухайд наадам өнгөрүүт л бэлдсэн нэг том ажлынхаа ард гарч, дараа нь үргэлжлүүлэн хийх бас нэг том ажил руугаа шилжиж буй. Улиран одсон хонь жилд зуншлага тааруу байсан нь газар тариалан хийгээд мал аж ахуйн салбарт багагүй нөлөөлсөн. Мал сүргийн тоо гэхэд сая гаруй толгойгоор хорогдсон. Сая гаруй толгой малаар мал сүрэг хорогдоно гэдэг 56 сая толгой малтай манай улсын хувьд халаглаж, харамсах зүйл биш. Цаг агаар хэвийн, тогтуун жилд 500-700 мянган толгой малын зүй бус хорогдол гардаг л юм билээ. Харин яагаад эл үзүүлэлт дээр харамсахгүй байна вэ гэвэл зуншлага тааруу, газрын гарц муутай зуссан, цас их унасан бичин жилийн өвлийг ийм хэмжээнд давж гарсан нь бидний хувьд ч, малчдын хувьд ч бас ч гэж гайгүй шүү гэж дүгнэж болохоор үзүүлэлт юм. Үүний цаана юу харагдаад байна вэ гэхээр аймаг, сумд, аж ахуйн нэгж, байгуулагууд, малчид Онцгой байдлаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу ажиллан өвөлжилтийн бэлтгэл ажлын чадах хэмжээндээ хүртэл хангасны үр дүн шүү дээ. Нөгөөтэйгүүр, 2009-2010 оны зудны сургамж ч нөлөөлсөн биз. Энэ зуднаар Монгол Улсын эдийн засаг 535 гаруй тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн байдаг. Ер нь зуд тав, таван жилийн давтамжтай болдог аж. Энэ бүхэнд Монгол Улсын Засаг газар болоод Онцгой байдлын ерөнхий газар, тэнд алба хашиж буй ажилтан албан хаагчид бэлэн байдалд ажиллах ёстой. Засгийн газар дээр дурьдсанчлан 2015 оны долдугаар сарын 15-аас өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан таван тогтоол гаргасныг биелүүлэх хүрээнд манайх ч өвөлжилтөд анхаарлаа хандуулж ажиллалаа. Улсын хэмжээнд өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 72 хувьтай гарсан нь тийм ч сайн үзүүлэлт биш. Дээр нь өвөлжилт нэлээд хүндхэн болох нь өвлийн эхний саруудад л ойлгомжтой болж ирсэн. Зарим нутгаар 50 см-ээс илүү зузаан, хонхор газарт метр илүү хэмжээтэй цас унасан байх жишээтэй. Дээр нь хүйтэн өдрийн үргэлжлэх хугацаа 28 өдрөөр илүү байлаа. Иймэрхүү нөхцөл байдлаас шалтгаалаад Монгол Улсын Засгийн газар 2015 оны арваннэг, арванхоёрдугаар сард дарааллан хоёр тогтоол гаргасан. Эхнийх нь хүмүүнлэгийн туслалцааг хэрхэн үзүүлэх вэ, хоёр дахь нь Засгийн газрын нөөцөөс гаргах хөрөнгийн хэмжээ. Энэ хүрээнд малчдад өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгох болсны дээр шаардлагатай гэж үзсэн аймгуудад эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн машин гээд долоон тэрбум төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасны үр дүнд энэ өвлийг харьцангуй хохирол багатайгаар даван тууллаа. Өвс, тэжээлийн үнэ ч өмнөх жилүүдийнх шиг тэнгэрт хадсангүй харин ч ханш нь буурсан. Увс, Завхан, Сүхбаатарт өвөлжилт хүндхэн бусад аймгуудад харьцангуй боломжийн хэмжээнд өвөлжлөө. Энэ бүхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа авсны үр дүн гэж дүгнэхэд буруудахгүй байх. Өмнө нь яадаг байсан бэ гэхээр хэдийнэ малын тоо толгой 2-3 саяар хорогдсон үед нь арга хэмжээ авдаг байсан байгаа юм. Өнгөрсөн өвлийн тухайд нөхцөл байдал сайнгүй байсан ч бид аль болох олон улсын байгууллагуудаас тусламж авахгүйг хичээсэн. Ер нь ямар тохиолдолд Засгийн газар олон улсын тусламжийн дуудлагыг хийдэг вэ гэхээр аймаг, орон нутагт нөхцөл байдал ихээхэн хүндэрч, давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдсөн үед. Өвөлжилтийн тухайд иймэрхүү. Хаваржилт гэвэл өмнөх жилүүдэд шиг их, бага хэмжээгээр түймэртэй эхэлж байна. Анхны түймэр өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд гарсан. Өнгөрсөн жил Монгол Улсын хэмжээнд 356 түймэр бүртгэгдсэн бол одоогийн байдлаар 37 түймрийн дуудлага хүлээн авч унтраагаад байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг ч ассан түймэргүй гэх сайхан мэдээллийг уншигчиддаа өгье. Гэвч асуудалгүй өнжих өдөр тун ховор байдгийг нуугаад яах вэ. Иргэд санамсаргүй, болгоомжгүй үйлдлээсээ болоод гал алдаж, түймэр тавих асуудал байсаар байгаа. Мөн цас хайлж эхэлсэнтэй зэрэгцээд шар усны үерт урссан, гол горхи гэссэнийг мэдсээр байж загасчлах зэргээс болоод амиа алдсан тохиолдол гарсаар байгаа нь харамсалтай зүйл. Саяхан гэхэд л Буйр нуурт дөрвөн иргэн загасчилж яваад харамсалтайгаар амиа алдлаа. Нуурын мөс захаасаа гэсч байгааг тэд мэдэж л байсан баймаар. Эл мэдээллээс гадна миний ширээн дээр гэхэд л Дорнод аймагт ассан түймрийн талаархи ажлын хэсгийн шинжээчийн дүгнэлт байж байна. Дүгнэлтэд өгүүлснээр, өндөр хүчдэлийн шонгийн утас салхинд өөр хоорондоо хавирсны улмаас гал гарсан байх юм. Орон нутгийн удирдлагууд болоод эрчим хүчний салбарынхан хамгаалалтын арга хэмжээг авсан байсан бол найман сумын нутагт түймэр асч, малын бэлчээр сүйдэхгүй л байлаа.
-Үнэнийг хэлэхэд, танай байгууллага хаврын хаварт л шүүмжлэлд өртдөг байлаа. Түймэр унтраах багаж хэрэгсэл байхгүйн улмаас ажилтнууд нь юухан, хээхнээр гал унтрааж байна гэхчилэн. Харин сүүлийн хоёр жил шүүмжилж байгаа нь сонсогдсонгүй?
-ОБЕГ-ын өнөөдрийн байдлыг өмнөх 12 жилтэй харьцуулшгүйгээр хөгжиж дэвшсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээ ч жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Бид ч улсын төсвийг тэр бүр харахгүйгээр техник технологийн шинэчлэл хийх эдийн засгийн чадавхитай болсон. Гадаад харилцааг өндөр төвшинд хүргэсний үрээр олон улсын хамтын ажиллагааны шугамаар техникийн шинэчлэлийн асуудлыг зохих төвшинд хүртэл шийдэж байгаагаа энэ дамшрамд хэлэх нь зөв байх. Намайг ажил хүлээж авахад хөрөнгө оруулалтын хэмжээ 38 хувьтай явсныг нуугаад яах вэ. Тухайлбал, 2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнд техник тоног төхөөрөмжийн хангалт ойролцоогоор 60 хувьд маш ойрхон яваа. Иймэрхүү байдлаар хөрөнгө оруулалтыг хоёроос гурван жилд л хийчихэд ялангуяа аврагч, гал сөнөөгчдийн багаж хэрэгсэл 80-90 хувьд хүрэх юм. Эл амжилтыг 100-д хүргэх боломж байгаа гэж би хувьдаа харж байгаа. Мэдээж хэрэг, гамшгаас хамгаалах үйлсэд хүмүүнлэгийн тусламжийн үүрэг роль их. Тэр хэрээр олон улсын анхаарлын төд байдаг. Гамшиг бол хэлж бус хийсч ирдэг. Улс гүрэн хийгээд хил дамнасан ойн түймрээс гадна хүн, малын гоц халдварт өвчний дэгдэлт байсаар байна. Манай байгууллага хил залгаа орших хоёр хөрштэйгөө маш сайн хамтарч ажиллаж байгаа. Өчигдөр гэхэд л ОХУ-ын Онцгой байдлын албаны хүмүүс ирж, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцоод өнөөдөр буцах гэж байна. Жил бүр болдог энэ хурлаар хоёр улсын Онцгой байдлын албууд протокол үйлдэн ирэх жилд хамтран хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэж баталдаг юм. Хятад улстай маш өргөн хүрээнд хамтран ажилладаг. Монгол Улсын ОБЕГ ой хээрийн түймэр, үер ус, хүн малын гоц халдвар өвчин, газар хөдлөлт гээд маш өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бол урд хөрш маань тийм биш. Үерийн асуудал гэхэд л Усны яам нь хариуцдаг байх жишээтэй. Дээр нь Хятадын Ардын чөлөөлөх арми нь Гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд оролцдог юм билээ. Гамшиг боллоо гэхэд армийн штабын нэг даргаар нь ахлуулсан найман дивиз газар дээр нь очиж, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх гэхчилэн хүчирхэг системтэй. Бид ч ялгаагүй тийм систем рүү явж байгаа. Тодруулбал, 2015 оны арваннэгдүгээр сард батлагдсан “Батлан хамгаалахын бодлогын бичиг, баримт” гэсэн хуулиар ОБЕГ нь цэргийн байгууллагын тогтолцоо руу орсон. Яаж орсон бэ гэхээр Монгол Улсын нутаг дэвсгэрт ямар нэг дайн байлдаан гарсан тохиолдолд Хилийн цэрэг болон Онцгой байдлын салбар нь ямар нэг байдлаар Зэвсэгт хүчиндээ дэмжлэг үзүүлнэ. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт гамшгийн аюул нүүрлэсэн тохиолдолд Онцгой байдлын албанд Хилийн цэрэг болон Зэвсэгт хүчин дэмжлэг үзүүлнэ гэж заасан нь агуулгын болоод концепцийн том өөрчлөлтийг хийж өгсөн. Үүнийг дагаад холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлтүүд орсон. Үүгээр юу баталгаажиж байна вэ гэвэл Онцгой байдлын салбар нь үүсэн байгуулагдсанаасаа хойш иргэний ч юм шиг, хүчний ч байгууллага юм шиг явж ирснийг статусын хувьд тодорхой болгож өгсөн хэрэг. Түүгээр ч зогсохгүй ОБЕГ нь эрх зүйн хувьд ойлгомжтой болж байгаагийн хамт албан хаагчдыг хүчний байгууллагын бие бүрэлдэхүүний нэгэн адил үзэх хэмжээнд очиж байгаа юм. Дээр нь нэмээд гамшиг гарсан тохиолдолд бидэнд хэн дэмжлэг үзүүлэхийг хуулиар тодорхой болгож өгөв. Ялангуяа, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин талаасаа бүх зүйл ойлгомжтой болсон.
-Онцгой байдлын алба болоод тэнд ажиллаж байгаа албан хаагчдыг эрх зүйн хувьд тодорхой болгох ёстой гэх асуудал чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж байсныг санаж байна. Харин хууль санаачлагч нь хэн байсан юм бэ, та юу?
-Санаачлагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч. ОБ-ын албаны хууль эрх зүйн орчин, статусыг тодорхой болгосон нь маш зөв бодлого болсон гэж бид үзж байгаа. Үүнийг дагаад олон хууль шинэчлэгдэж буй. Эхний гурван хууль өргөн баригдсан, одоо сүүлийн хоёр төсөл дээр нь ажлын хэсэг ажиллаж байгаа. Санаачлагч нь ч ялгаагүй Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж. Нэмж тодруулахад, цаашдаа улс оронд, бүс нутагт гамшгаас хамгаалах үйл ажиллагаа гэдэг бол зөвхөн нэг байгууллагын хүлээх үүрэг биш юм аа, ялангуяа гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд бүх хүчний байгууллагууд татагдан ордог байх тийм тогтолцоонд Монгол Улс шилжсэн гэж ойлгож болно. Ингэснээр цэрэг иргэний харилцааг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхийн дээр хүмүүнлэг гэх утгаараа бид хэнтэй ч ажилладаг, хамтрах нөхцөл бүрдэх юм. тэр хэрээр ажлын цар хүрээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Өмнө бид чинь гамшгийг тусгай асуудал болгон авч үздэг байлаа шүү дээ. Ямар нэг асуудал гарлаа гэхэд улсын эдийн засаг дандаа буурсан үзүүлэлттэй гардаг байв. Дэлхий дахинд ч ялгаагүй. Тэгэхээр гамшиг улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлдөг байгаа биз. Тиймээс улс орны эдийн засгийн хөгжлийг тогтвортой байлгах үндэс суурь нь яахын аргагүй Онцгой байдлын салбар байдаг. Ингэж хэлэхээр үйлдвэрлэгч хэмээн ойлгох вий. Тийм биш шүү. Олон арван жилийн турш хийгдсэн бүтээн байгуулалт, хөгжлийг алив гамшиг, ослоос манай байгууллага авран хамгаалах үүргийг хүлээдэг гэсэн санаа юм. Нөгөө нэг хэлэх ёстой зүйл бол байгаль цаг агаарын эрс тэс өөрчлөлт. Тэгэхээр гамшгийн эрсдлийг бууруулах асуудал, тогтвортой хөгжлийн асуудал, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох асуудал нь эцсийн дүндээ нэг байхаас өөр аргагүй. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичигт ч уг асуудлыг тусгагдсан. Энэ хүрээнд дэлхий дахин том том баримт бичгүүдийг баталсан. Одоо бүс нутгийн хүрээнд ярьж эхэлсэн. Тэр байтугай 2016 онд юу хийх вэ гэдэг дээр ч санал солилцож буй. Бүс нутгийн эхний хуралдаан Энэтхэгт болох бол 2018 оныхыг Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тус хуралдааныг эх орондоо зохион байгуулахын төлөө нэлээд хичээснийг НҮБ өндрөөр үнэлэн хүлээн авч тогтоол гаргасанд баяртай байгаа. Өнөөдөр Монгол Улс АСЕМ-аар амьсгалж байгаа шүү дээ. Үүнээс дутахааргүй 12 мянган төлөөлөгч эх оронд минь хөл тавих учиртай. Хуралдааныг эх орондоо зохион байгуулж гэмээнэ Монгол Улс гамшгийн эсрэг ямар бодлого баримталж байгаа юм, бүс нутагтаа монголчууд ямар тоглолт хийх ёстой гэх мэтийн асуудлууд тодорхой болно. Үүнийг зохион байгуулах нь Монгол Улсын төдийгүй ОБЕГ-ын хувьд нэр хүндийн асуудал юм. Энэ хүрээнд хууль, эрх зүйн орчноо шинэчлэх ёстой. Юун түрүүнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Онцгой байдлын албаны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Хаврын чуулганаар хэлэлцүүлж амжихгүй байж мэднэ. Гэхдээ л шинээр бүрдэх парламентаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхний тавд багтаахын төлөө ажиллах болно. Хууль батлаглсан тохиолдолд ОБ-ын албаны цаашид хийх, хэрэгжүүлэх ажил тодорхой болох учиртай.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та бид хоёрын ярилцах дараагийн сэдэв бол Монгол Улсад генерал цол бий болсны 72 жилийн ойн баярын өдөртэй холбоотой. Энэ жилийн арга хэмжээг танай байгууллага зохион байгуулах үүрэг хүлээсэн гэж “Монгол генерал” төвийн тэргүүн онцолж байсан. Тэднийгээ хэрхэн хүлээн авах гэж буйгаа сонирхуулаач?
-Монгол Улсад генерал цол бий болсон түүхэн өдрийг ОБЕГ хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Миний хувьд 2015 оны гуравдугаар сард энэ сайхан цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө хүртсэн. Ерөнхийлөгч зарлиг гаргасан тухай мэдээллийг хилийн чинадад, олон улсын хуралд сууж байхдаа интернэтээс олж мэдсэн. Сураг ч сонсоогүй байсан болохоор үнэмшиж өгөхгүй байлаа. Эх орондоо ирсний дараахан “Монгол генерал” төвийн тэргүүн маань утас цохиж, ирэх жилийн арга хэмжээг танай байгууллага зохион байгуулахаар болсон шүү хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Би ч төвийн тэргүүний өгсөн үүрэг даалгаврыг баяртайгаар хүлээж авсан. Өнөөдрийн байдлаар генерал хэмээх цэргийн том цолыг 170 гаруй хүн хүртсэн байдаг юм байна. Тоо хоёр гурваар зөрүүтэй байж мэдэхээр юм билээ. Амьд сэрүүн байгаа нь 80 орчим гэсэн судалгаа надад байна. Генералын өдрийг хэрхэн яаж, өвөрмөц, тэдний сэтгэлд хоногшиж үлдэхүйцээр тэмдэглэн өнгөрүүлэх талаар манай хамт олон өнгөрсөн жилээс хойш бодож, төлөвлөлөө. Өнөөдрийн байдлаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт 92 хувьтай явна. Өвөрмөц байлгахын тухайд би нэлээд судалж үзлээ. Юун түрүүнд дэлхийн улс орнууд генералууддаа хэрхэн ханддаг юм, тэднийгээ хэрхэн дэмждэг юм бэ гэдгийг сонирхлоо. Үнэндээ генерал бол хэн бүхний мөрдэс дээр гялалзаж явдаг цол биш. Эх орныхоо өмнө гавьяа байгуулсан, салбарынхаа хөгжил цэцэглэлтэд сэтгэл оюун, чаддаг, мэддэгээ бүхнээ зориулсан мэргэд байгаа шүү дээ. Судлах явцад, Израйль, БНХАУ хоёр маш хүндэтгэлтэй ханддаг юм байна. Насан туршид нь цалин олгож, тусгай хангамж үйлчилгээгээр хангадаг аж. Манайхан миний хэлснийг буруу ойлгох вий. Би тийм байя гэж байгаа юм биш. Монголын гурван сая хүн амтай 170 хүнийг харьцуулахад дээр нь эдүгээ амьд сэрүүн нь 80, тэднээс 10 гаруй нь ажил алба хашиж яваа гэхээр тун бага үзүүлэлт. Би одоогийн генералуудын асуудлыг яриагүй гэдгээ дахин хэлье. 72 жилийн тэртээ Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь насаа хайрлалгүй зүтгэсэн цэргийн жанжнуудад Монголын төр хүндэтгэл үзүүлж анх олгосон цол юм шүү дээ. Үүнийг бодох ёстой. Яах гэж тэдэнд генерал цол хүртээсэн юм, юуны учир бусдаас онцолсон юм гээд анхаарч эргэж харах зүйл нэлээд байна. Түүхийн хуудсыг сөхөх аваас 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар 11 хүнд анх генерал цол хүртээсэн байдаг. Гэхдээ энэ өдрийг албан ёсоор Засгийн газрын тогтоолоор баталгаажуулах ёстой юм билээ. Би энэ тухай асуудлаар Засгийн газрын тэргүүн болоод холбогдох албаны хүмүүстэй уулзаж, ярилцсан. Харамсалтай нь ганц хүний хувийн бодлоос улбаалаад энэ жил баталгаажуулж чадсангүй. Генералын ард талд түүний гэр бүл, үр хүүхэд гэж бий. Үнэнийг хэлэхэд, тэнгэрийн оронд морилсон генералуудын хэд нь ч төрийн хайр хишгийг хүртэж чадалгүй, гундуу явсныг хэлж мэдэхгүй байна. Тиймээс цаашид генералуудад үзүүлэх төрийн хүндэтгэл, хайр халамжийн тухай асуудалд эргэж хармаар байгаа юм. Манайхан нэг л сэтгэл гаргахгүй байгаа юм шиг санагдах болсон. жишээ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Онцгой байдлын алба үүссэний 25 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган 25 хүнд генерал цол хүртээсэн. Орос бол аугаа, хүчирхэг гүрэн л дээ. Тэр ч утгаараа генералын цалин хангамжийн асуудлыг өндөр төвшинд шийдсэн байсан. Үүнийг шийдвэр гаргах төвшнийхөн анзаарчихад гэмгүй болов уу гэх үүднээс ОХУ-ыг онцоллоо. Бадрал гэх хувь хүний асуудал биш шүү. Манай байгууллага, хамт олны тухайд “Генералын өдөр”-ийг залуучуудад эх оронч сэтгэлгээ, хүмүүжлийг олгох асуудал руу нэлээд анхаарч ажиллалаа. Албан ёсны өдөртэй болох асуудлыг дараагийн Засгийн газарт өргөн барина. Мөн өдөр байгаль орчныг хамгаалах өдөр давхцаж байгаа учраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 150 мод тарьж, дурсгалын төгөлийг байгуулна.
-Монгол Улсын хэд дэх генерал вэ, та. Онцгой байдлын алба хэчнээн генералтай вэ?
-Онцгой байдлын алба үүсч байгуулагдсанаас хойш төрсөн анхны генерал нь би. Монгол Улсын Ерөнхийлөгч цол хүртээхдээ уншсан зарлигт өгүүлснээр 163 тоот үнэмлэхний эзэн нь бас би. Харин манай салбарт бүртгэлтэй, харьяанд байдаг, ажиллаж байсан гэвэл гурав бий. Би дөрөв дэх нь. Анхных нь хошууч генерал Г.Махбариад, хоёр дахь хошууч генерал О.Үржин, миний өмнө ажиллаж байсан хошууч генерал П.Даш генерал. Үнэнийг хэлэхэд, би эртэй чадалтайдаа Бригадын генерал гэх өндөр дээд цол хэргэмийг хүртээгүй ээ. ОБ-ын салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд цаашдаа зайлшгүй хэрэгтэй юм байна гэж үзсэний хамт энэ байгууллагын нэр хүндэд нөлөөлөх үүднээс энэ цолыг надад хүртээсэн юм байна аа, гэж хувьдаа ойлгож яваа. Энэ байгууллага аврагч гал унтраагч нарын нуруун дээр л тогтдог юм шүү дээ. Тиймээс энэ салбарын албан хаагчдыг төр үнэлж буйн үнэлгээ юм.
-Цэргийнхэн “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” хэмээдэг. Тэр утгаараа байлдагчаас генерал цол хүртсэн нэгэндээ илүү хүндэтгэл үзүүлдэг байж мэднэ. Халаасанд генералын мөрдэс сонсогч байхад тань байж таарч, тийм ээ?
-Би 1984 онд ЕБС төгсөөд Хилийн цэрэгт, Дорноговь аймгийн Улаан-Уулын Далай бумбатын заставт албан хаасан. Тэндээсээ тухайн үеийн ЗХУ-д Москвад, Хилийн цэргийн дээд сургуульд явсан. Гэхдээ сургуулиа төгсөөгүй, гуравдугаар курсээсээ өөрийн хүслээр Гадаад харилцааны сургууль руу шилжин суралцсан. Гэвч би өөрийгөө дөрвөн жил цэргийн алба хаасан эр хүн гэж бодож явдаг. Гадаад харилцаа бол миний хүүхэд насны мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлэх боломжийг алдахыг хүсээгүй. Магадгүй миний өдий дайны яваа нь үндсэн мэргэжлийн минь буян байхыг ч үгүсгэх аргагүй юм. Цэргийн сургуулийн оюутан байхдаа дэргэдүүр өнгөрөх генералуудыг хараад тэдэн шиг генерал болохыг мөрөөддөг л байлаа. Биеэ авч яваа байдал, боловсрол мэдлэгээрээ тэд онцгой төрсөн хүмүүс шиг санагддагсан. Ойртохын аргагүй сүртэй харагддаг байсныг яана.
Надтай хамт сурч байсан цэргийн сургуулийн оюутан анд нар маань эдүгээ Хилийн цэргийн нэр нүүр болж яваад би баяртай байдаг. Зарим нь ч тэтгэвэртээ сууж эхэлсэн сурагтай байсан. Тэгэхээр цэргийн мөрдэс зүүсэн хэн бүхний дотоод сэтгэл генералын мөрдэс зүүдэлж л явдаг байхгүй юу. Би ч ялгаагүй шүү дээ. Хоёрдугаарт, миний хувь төөрөг ингэж зурагдсан бололтой. Би бурхан шүтээд сүйд болдоггүй ч тэгж л санагдаад байдаг. Хоёрдугаарт би ОБ-ын албанд орсон эхний сардаа л ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж эхэлсэн. Намайг энэ албанд уруу татаж оруулж ирсэн хүн бол хошууч генерал П.Даш. Бид онгоцонд танилцсан хоёр л доо.
П.Даш генералыг ОБЕГ-ын даргаар томилогдсон гэж дуулаад танилын хувьд баяр хүргэж утас цохисон. Түүнээс хойш долоо хоногийн дараа над руу утасдаж, гадаад харилцаандаа ирж ажиллахыг хүссэнээр би гэдэг хүн ОБ-ын ажилтан болсон. Тэр үед энэ байгууллагад гадаад харилцаа, гадаад хамтын ажиллагаа гэж байгаагүй гэж хэлж болохоор байсан. Ний нуугүй хэлэхэд, ГХЯ-ны дараа орох хэмжээнд хүртэл гадаад харилцааг хөгжүүлж болох салбар бол Онцгой байдлын алба. Бүхий л талаар шүү. Хамрах хүрээний нэг чиглэл гэхэд л 10, 20 байгууллагатай холбоо тогтоож, хамтран ажиллаж болохоор харагдсан. Тиймээс цалин багатай ч ажилдаа зүрх сэтгэлээ өгсөн. Үүний үр дүн нь миний мөрдэс дээр гялалзах генералын алтан таван хошуу биз ээ.
– Байгууллага авч яваа дарга хэр сайн менежер байж чадна тэр хэрээр хамт олон нь хүрээлдэг байх гэж би хувьдаа боддог юм. Та надтай санал нийлэх үү?
-Тийм сайн менежер байхын төлөө л хичээнгүйлэн ажиллаж байна даа. Миний хувийн нэг бодол байдаг юм. Онцгой байдлын албанд хамаг залуу нас, сайн сайхан үеэ зориулчихаад яагаад насны эцэст албан байгууллагын манаач эсвэл таксины жолооч хийж, талхны мөнгө олох ёстой гэж. Тиймээс ажилтан, албан хаагчдийнхаа нийгмийн асуудлыг баталгаатай болгох асуудлыг шийдэх гарцыг би олох ёстой гэж өөртөө үүрэг өгсөн. Түүнийхээ төлөө ажиллах болно. Нэг үеэ бодвол бидний амьдрал бага багаар боловч дээшилж л байгаа.
Саяхан миний утас руу танихгүй дугаар залгаад “Генерал аа, би Ховд аймгийн Онцгой байдлын албанаас ярьж байна” гэлээ. Тэр залуу дөнгөж 21 настай гэнэ. Хоёр өрөө байртай болж, нийгмийнхээ асуудлыг шийдэж чадсан хөөрсөн сэтгэлээ надтай хуваалцахыг хүссэн хэрэг. Би өөрөө байртай болсон юм шиг л баярлаж, хөөрөөд, баяр хүргэсэн. Би түүний насан дээр байр байтугай бариад гарах чемодан ч үгүй л гүйж явсан байхгүй юу. Үүнийг дурьдахын учир, ОБ-ын алба жилээс жилд хөгжин дэвжиж, зөвхөн Монголдоо биш дэлхийн хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох цаг холгүй байгааг л хэлэх гэсэн юм. Бид тун удахгүй Элитийн батальонтой болно. Монголын Онцгой байдлын албан хаагчдын суу алдар дэлхийд дуурсагдахын суурийг бид тавих болно.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин, www.mminfo.mn