Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг Монгол цэргийн дээд цолтон “Генералын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтоод байна. 12 дахь жилийн хүндэтгэлийн ёслол өнөөдөр Чингисийн талбайд боллоо.
Энэ жил Монгол Улсад генерал цол олгосны 72 жилийн ой тохиож байна. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал цол олгох шийдвэр гарч, анхны 11 хүн генерал цол хүртжээ. Тэдний есөд нь хошууч генерал, хоёрт нь дэслэгч генерал цол олгожээ. Түүнээс хойш манай улс өнөөдрийг хүртэл 170 генералтай болсон байна. Өдгөө амьд сэрүүн 87 генерал байгаагийн 10 гаруй нь ажил үүргээ гүйцэтгэж байна. Тэдний хамгийн ахмад нь 96 настай Т.Алтангэрэл гуай байгаа бол хамгийн залуу нь 43 настай, Бригадын генерал Л.Онцгойбаяр юм.
Хошууч генерал, доктор Д.Мягмар “2001 онд анх “Монгол генерал” төв байгуулж анхны захирлаар ажилласан. Тэр үеэс жил бүр тэмдэглэлт өдөртэй болж, генералууд болон тэдний гэр бүлийнхний уулзалт зохион байгуулдаг болсонд баяртай байна. Би генерал цолыг 2000 онд Батлан хамгаалах их сургуулийн захирал байхдаа Ерөнхийлөгч Н.Багабандиас авч байлаа” хэмээсэн бол өнөөдрийн ёслолыг зохион байгуулж буй ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Миний хувьд 147 дахь генерал цолыг зүүсэн. Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг 8 байгууллага энэ өдрийг ээлжлэн зохион байгуулдаг. Энэ жил ОБЕГ-аас зохион байгуулж байна. Удахгүй Засгийн газрын тогтоол гарна. Уг тогтоолоор албан ёсоор монголын генералуудын баярын өдрийг тэмдэглэлт баярын өдөр болгох байх” гэсэн баярт мэдээг дуулгав.
Өнөөдрийн ёслолд 80 орчим генерал хүрэлцэн иржээ. Ёслолд мөн генералуудын гэр бүлийнхэн хүрэлцэн ирж цэцгийн баглаа бэлэглэж байв. Генералууд Чингисийн хөшөөнд цэцэг өргөсний дараа ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн ёслол хүндэтгэлийн жагсаал хийж, цоглог сайхнаар марш алхахад хурсан олон ч алга ташин баяр хүргэв. ОБЕГ-ын харьяа аврах тусгай ангийн үлээвэр найрал хөгжимчид жагсаалын парадыг эгшиглүүлж, талбайн урд хэсэгт гал унтраах олон үеийн машинуудыг эгнүүлэн тавьсан нь онцгой байдлын газрынхны нэгэн содон үзэсгэлэн гэлтэй харагдав. Генералууд болон иргэдэд тэдгээр машиныг танилцууллаа.
Эх сурвалж: www.unen.mn