Нийслэлийн Засаг даргын А/119 дүгээр тоот захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Тус уралдаанд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай анги амжилттай оролцож хоёр дах шатанд шалгарч үлдээд байна.
Уралдааны хоёр дах шатанд 9 анги байгууллага тунан үлджээ.
“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны хоёр дахь шалгаруулалт 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Батлан хамгаалахын их сургуулийн талбайд зохион байгуулагдана.
Энэхүү 2 дах шатны шалгаруулалт нь 95 хүний бүрэлдэхүүнтэй ротын жагсаалын жигдрэлт, жагсаалын байран дээрхи болон явуут ажиллагаа, зэвсэгтэй, зэвсэггүй ажиллагаа гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэх юм.
Мөн ротын захирагчийн командлах ур чадвар, бие бүрэлдэхүүний албаны дүрэмт хувцасны хангалт жигдрэлт нь уралдааны бас нэгэн шалгуур болох юм байна.
Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг 05 сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах юм.