Улс түмнүүдийн эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхд хувь нэмэр оруулах зорилготой Энх тайвны галт бамбарт буухиа гүйлт АНУ-ын Нью-Иорк хотноо дөрөвдүгээр сард албан ёсны нээлтээ хийсэн билээ.
Тэгвэл энэхүү Энхийн гүйлтийг манай улсад Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Шри Чинмойн марафоны баг, маршрутын дагуух аймаг сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулахаар болжээ.
Дэлхийн 100 гаруй орон оролцдог тус гүйлтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон галт бамбарыг гүйгчид гараас гарт дамжуулан, зүрхнээс зүрхэнд эв нэгдлийн уриаг хүргэдэг учиртай.
Манай улсын хувьд энхийн гүйлтийн галт бамбарыг манай улс БНХАУ-ны ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос ирэх зургадугаар сарын 03-нд хүлээн авч Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар, Төв, Архангай, Өвөрхангай, Завхан, Ховд зэрэг 9 аймгийн 39 сумын нутаг дэвсгэрээр буухиалан аялуулж, зургадугаар сарын 27-нд Ховдын Булган боомтоор БНХАУ-ын багтай нийлж Казакстаны Алмата хот хүргэх юм байна.
Дашрамд сонирхуулахад, Нэрт тамирчин Шри Чинмой Энхийн гүйлтийг 1987 онд анх санаачилсан бөгөөд Монгол Улс 1995 онд энэхүү гүйлтэнд нэгдэн оржээ.
Энхийн гүйлт нь эгэл жирийн хүмүүс даян дэлхийн эв найрамдлын төлөө хэрхэн чармайлт гаргаж байгааг илтгэн харуулдаг агаад үүнд ямар нэг байдлаар улс төрийн болон эд баялгийн ашиг олох зорилго үл агуулагддаг аж. Харин улс түмнүүд болон эгэл ардын дунд эв найртай байдлыг бий болгоход онцгой нөлөө үзүүлдэг байна.
Энхийн бамбар аялан өнгөрөх хот, суурин, хөдөө тосгоны ард иргэд гүйлтэд сайн дураар нэгдэн оролцдог бөгөөд олон мянган хүний гар дамжин ирсэн эв нэгдлийн бамбарт хүрснээрээ түүний бадамлан асах дөлийг улам тод, улам гэгээтэй болгож, сэтгэлийнхээ гүнээ нуугдан байсан эв найртай амьдралыг мөрөөдөх мөрөөдлөө биелүүлэхийн төлөө нэгэн шинэ алхам хийдэг гэж үздэг гэнэ.
Түүнчлэн энх тайвны гүйлтэнд спортын бэлтгэл болон насны ялгаанаас үл хамааран хэн ч нэгдэн оролцох боломжтой юм.