Хүн төрөлхтний баяр цэнгэл “Рио-2016” олимп Бразил улсад эхлэхэд 90 хүрэхгүй хоног үлдээд байгаа билээ.
Одоогоор Монгол Улс жүдогоор 12, чөлөөт бөхөөр ес, бокс, марафоноор тус бүр дөрөв, буудлагаар гурав, усанд сэлэлтээр хоёр (цагаан хуудас), таеквондо, хүндийг өргөлт, байт харваагаар тус бүр нэг, нийт 37 эрх өвөртлөөд байна.
Олимпт оролцох эрх аваад байгаа тамирчдын дунд Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч” техник, спортын клубын хоёр тамирчин багтаад буй юм.
Тэд бол “Аврагч” техник, спортын клубын тамирчин Жудо бөхийн ОУХМ Ц.Цогтбаатар /60 кг/, ОУХМ Л.Отгонбаатар /90 кг/ нар юм. Тэдний дасгалжуулагчаар “Аврагч” техник, спортын клубын ахлах дасгалжуулагч, онцгой байдлын хурандаа Ц.Шийрэв ажиллаж байна.
Ийнхүү Монгол Улс “Рио-2016”-д өмнө нь байгаагүй олон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох боломж бүрдээд буй. Өмнө нь “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпод хамгийн олон буюу тус бүр 29 тамирчин өрсөлдөж байсан юм.
Олимпийн эрх аваад буй тамирчдадаа амжилт хүсье.
“Рио-2016” наадам наймдугаар сарын 05-21-ний хооронд болох бөгөөд “Хүссэнээрээ амьдар” уриатай байх юм байна.