Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул,  Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Өвөрхангай аймгуудын нутгаар нойтон цас, Дорнод, Сүхбаатар аймагт бороо орсон. Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж  цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 3-8 градус, говийн бүс нутгаар  6-11 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 8-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 6-нд Алтайн уулсаар, 7, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.04-ний өдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Булган аймгийн Бугат сумын 1-р багийн “Мухарын нуга” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд машинаа унагасан гэсэн дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 13:59 цагт хүлээн авч тус Орхон аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж байна.

Ус, цас, шаварт саатсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг “Тахилт”-ын даваанд машинууд бөглөрч, нөхцөл байдал хүндэрсэн тухай дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 40 дүгээр ангийн 10 албан хаагч ажиллаж, замын хажуу руу орсон 5 машиныг чирж хатуу хучилттай зам дээр гаргасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Цайдмын цагаан шавар” гэдэг газар 46-66 улсын дугаартай “Эксди-Аванти” загварын автомашин шаварт суусан гэсэн дуудлагыг 2016.05.05-ны өдрийн 01:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 22 дугаар ангийн 4 албан хаагч ажиллаж татан гаргасан. Уг автомашинд 3 иргэн зорчиж явсан.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны 16 дугаар байрны 5-н давхраас хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 11:37 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч ажиллаж, Н /6 настай, эмэгтэй/, Н /1 настай, эмэгтэй/  нар гэртээ цоожлогдсон байсныг аюулгүй болгож ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн “Хан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 90 км-т/ ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 44 албан хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 24 албан хаагч, орон нутгийн 50 иргэн, Баяндун сумаас 30 иргэн, нийт 148 хүн ажиллаж байна. 2016.05.05-ны өдрийн 04:00 цагт;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Богиний ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 36 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 11:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 39 хүн ажиллаж 2016.05.04-ний өдрийн 14:30 цагт;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Нүүрс шанд” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 36 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 13:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч,  Хилийн 0146 ангийн 10 албан хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 66 хүн ажиллаж байна 2016.05.05-ны өдрийн 03:20 цагт;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Шилийн цагаан хошуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.05-ны өдрийн 00:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн ажиллаж, 2016.05.05-ны өдрийн 02:20 цагт тус тус цурамд оруулсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Усан хөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.03-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 10 албан хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 57 хүн ажиллаж, 2016.05.04-ний өдрийн 05:00 цагт цурманд оруулан 2016.05.04-ний өдрийн 11:58 цагт бүрэн унтраасан.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 12:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Бага дөрвөлж багт эзэнгүй хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 15:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top