Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Баян-Өлгий аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр  хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 градус, говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун болон төвийн нутгийн өмнө, говийн нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун, төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд зарим газраар 12-14 м/с, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Авдрын гол” гэдэг газар иргэн Б /37 настай, эмэгтэй/ 2016.05.05-ны өдрийн 17:10 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.05.05-ны өдрийн 20:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, орон нутгийн 7 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.05.06-ны өдрийн 08:05 цагт Их Уул багийн “Эхэн хашаат” гэдэг газар нутагладаг иргэн Э-гийнд очсон байсныг эсэн мэнд олсон.

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.06-ны өдрийн байдлаар усны мандал дээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үргэлжлүүлж байна.

Ус, цас, шаварт саатсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул голд автомашин 3 хоног суусан гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.05.06-ны өдрийн 10:05 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч ажиллаж, эзэн тодорхойгүй 61-64 УНЭ улсын дугаартай “Toёота креста” загварын автомашин Туул голд суусан байсныг татаж гарган дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн Бугат сумын 1-р багийн Барт болон Арцат гэдэг газрын зааг Ар нуга гэдэг газар Сэлэнгэ мөрөнд машинаа унагасан гэсэн дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 13:59 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын 7 албан хаагч ажиллаж, 30-30 БУЛ улсын дугаартай “Ниссан пикаб” загварын автомашиныг 2,5 метр гүнтэй уснаас татан гаргаж уг автомашины эзэмшигч Д-д 2016.05.05-ны өдрийн 15:10 цагт бүрэн хүлээлгэн өгч ажиллагааг дуусгасан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Унтарсан түймэр: Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн “Хан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 90 км-т/ Монгол Улсын хилийн 885-888 дугаар тэмдэгийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 44 албан хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 24 албан хаагч, орон нутгийн 50 иргэн, Баяндун сумаас 30 иргэн, нийт 148 хүн ажиллаж 2016.05.05-ны өдрийн 21:00 цагт цурамд оруулан 2016.05.07-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтрааж Ямалхын заставт хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн “Цагаан нуга” гэдэг газар /сумаас зүүн хойд зүгт 25 км-т Урианхайн аманд/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.06-ны өдрийн 20:17 цагт хүлээн авч тус аймгийн Батсүмбэр сумаас 45 иргэн ажиллаж 2016.05.06-ны өдрийн 21:00 цагт цурамд оруулж, 2016.05.07-ны өдрийн 07:00 цагт бүрэн унтрааж тус сумын Ойн ангийн мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн зөрчлийн 2 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хорих 461 дүгээр ангийн зүүн талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.06-ны өдрийн 12:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.06-ны өдрийн 13:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.06-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.06-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, нэмэлтээр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, нийт 16 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн пост өнгөрөөд авто замын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.05.06-ны өдрийн 22:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж 36-34 УНБ улсын дугаартай Портер загварын автомашин, 20-63 ОРО улсын дугаартай Портер загварын автомашинтай мөргөлдөж жолооч Орхонтуул сумын харъяат Ц /25 настай, эрэгтэй/-ийн 2 хөл  хавчуулагдсан байсныг гарган авч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top