Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар болон говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал:  9-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо, 11-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 9, 10-нд зарим газраар, 11-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.07-ны өдөр 12 удаагийн шумбалт хийж, усны мандал дээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн зөрчлийн 3, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд иргэн Д-гийн хашаанд 10 тонн орчим малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 2016.05.07-ны өдрийн 07:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 6 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд иргэн С-ийн 2 амбаар, иргэн О-гийн хураалттай банз шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.07-ны өдрийн 15:57 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top