Жил бүрийн тавдугаар сарын 08-нд Дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиодог. Харин Монгол Улсын хувьд 2013 оны Засгийн газрын тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 09-ныг “Монголын Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Уг өдрийн хүрээнд өнөөдөр ОБЕГ, МУЗН хамтран “Олны хүч оломгүй далай” чуулга уулзалтыг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгууллаа.
Хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааны арга хэлбэрийг улам оновчтой болгох, хүмүүнлэгийн бодлого, үйл ажиллагааны чиглэлээр санал солилцох, санаачилгыг дэмжих зорилгоор тус чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон юм.
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар чуулганыг нээж үг хэлэхдээ өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед зудад өртсөн малчин өрхөд туслах, зудын дараах хүндрэлийг даван туулах, малчдын амьжиргааг дэмжих хүмүүнлэгийн үйл ажиллагаанд манлайлан оролцсон гадаад дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн.
Мөн энэ оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулахад Монгол Улсын Засгийн газрын болон манай орны ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа цаг үеэ олсон, оновчтой шуурхай байсныг онцоллоо.
Харин МУЗН-ийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Энэ жил Монгол Улсын тодорхой нутгаар өвөлжилт хүндрэлтэй байсан. Тиймээс МУЗН-ээс хамтран ажилладаг бусад үндэсний нийгэмлэгүүд, олон улсын байгууллагуудад хандан уриалга гаргаснаар 1.6 тэрбум төгрөгийн тусламж цуглуулж, өвөлжилт хүндэрсэн бүс нутгийн малчин иргэдэд бэлэн мөнгөний болоод хоол хүнсний тусламжийг хүргэсэн. Одоо ч тусламж хүргэх ажил маань үргэлжилсээр байна. Цаашдаа бид дотооддоо байгаа нөөц бололцоогоо илүү дайчилж, монголчууд бие биедээ тусалдаг хөдөлгөөнийг идэвхжүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Саяхан болтол манай Улаан загалмайн зүгээс хийж байгаа нийт ажлын санхүүжилтийн 70-80-аад хувь нь дандаа гаднаас ирдэг байсан. Сүүлийн үед энэ байдал нэлээд өөрчлөгдөж байна. Олонд нэртэй, алдартай дуучид хүмүүс бидний энэ хөдөлгөөнд нэгдэж байгаад баяртай байгаа.
Бид цаашдаа аль болохоор дотоодын нөөцөө илүү ашиглаж, ядарсан үед нэг нэгэндээ тусалдаг хүмүүнлэгийн галыг сэтгэлдээ дандаа асааж явах, тэгээд Үндсэн хуульд заасан иргэний, ардчилсан, хүмүүнлэг нийгэм байгуулах үйлсдээ бүгдээрээ хариуцлагатай орох ёстой юм гэдгийг ойлгуулахад л энэ уулзалтын зорилго оршиж байгаа юм” гэлээ.
Чуулга уулзалтын үеэр өнгөрсөн онд тохиосон зудын үер малчдад үзүүлсэн тусламжийн үр дүнг хэлэлцэж, уг үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон олон улсын болон дотоодын байгууллага, иргэдийн алдаршуулсан юм.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, УОК-ын нэрийн “Хүндэт өргөмжлөл”-өөр МУЗН, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Японы хүүхдийг ивээх сан, Замын цагдаагийн газар, МерсиКор олон улсын байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудыг болон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан, 25-р телевизийн захирал А.Энхзул, “Ланд крузерийн холбоо”-ны Б.Наранбаатар нарын хүмүүсийг, МУЗН-ийн “Хүндэт өргөмжлөл”-өөр Ерөнхий боловсролын 52, 12, 33 дугаар сургууль, ОБЕГ-ын харъяа Хангалт үйлчилгээний анги, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг байгууллагуудыг шагнаж урамшууллаа.
Мөн Олон улсын Улаан загалмайн хавирган сар нийгэмлэгээс гаргасан “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг дэлхийн 1 тэрбум хүнд хүргэхийн төлөө нэгдэцгээе” уриалгад Монгол Улс нэгдэж байгааг зарлаж, уриалгыг чуулга уулзалтад оролцогчдод хүргэлээ.