Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 9-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд ихэнх нутгаар, 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 11,13-нд ихэнх нутгаар, 12-нд Алтайн салбар уулсаар, 14-нд говь талын нутгаар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 11-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 12-нд ихэнх нутгаар, 14-нд баруун зүгийн нутгаар дулаахан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.08-ны өдөр 16 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 17:40 цагт иргэн Г /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гаргасан. 2016.05.09-ний өдрийн байдлаар усны мандал дээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10 удаа гүний шумбалт хийсэн. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ГШУГ-ын дарга, хурандаа Б.Ууганбаяр нар эрлийн ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, газар орон дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор 2016.05.08-ны өдрөөс 05.09-ний өдрүүдэд ажилласан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн “Өлгий” нууранд хүн осолдсон байна гаргаж өгөөч гэсэн дуудлагыг 2016.05.09-ний өдрийн 20:45 цагт хүлээн авч тус аймгийн Аврах салбарын 8 албан хаагч ажиллаж, /осолдсон иргэний нас, хүйс, царай, хэзээ осолдсон нь одоогоор тодорхойгүй/ цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн.

Сураггүй болсон: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Дундахын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км, багийн төвөөс 30 км-т/ өвөлжиж байсан малчин Э /54 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2016.05.09-ний өдрийн 10:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.05.09-ний өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 10 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 120 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.09-ний өдрийн 22:15 цагт хүлээн авч тус сумын нутагт байрлах Хилийн цэргийн 306 дугаар ангийн Мэнэнгийн отрядаас 11 албан хаагч, “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК-аас 52 хүн , Халх гол сумаас 15 иргэн, нийт 78 хүн ажиллаж 2016.05.10-ны өдрийн 05:15 цагт түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.      

Унтарсан түймэр: Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Дэрсэн-Ухаа” гэдэг газарт дамжиж тархсан /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ тухай дуудлагыг 2016.05.08-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 40 иргэн, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Эрдэнэцагаан сумын 29 иргэн, Сүхбаатар сумын 10 иргэн, нийт 115 хүн ажиллаж 2016.05.09-ний өдрийн 09:35 цагт түймрийг цурманд оруулан мөн өдрийн 16:55 цагт бүрэн унтрааж тус сумын байгаль хамгаалахын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Хан-Уул” гэдэг ууланд /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.09-ний өдрийн 13:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 27 албан хаагч, Баянтүмэн сумын 8 иргэн, нийт 35 хүн ажиллаж 2016.05.09-ний өдрийн 16:27 цагт түймрийг цурманд оруулан 19:20 цагт түймрийг бүрэн унтрааж тус сумын багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон багийн 9 дүгээр байранд тагт шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.09-ний өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн Тосгоны 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.09-ний өдрийн 12:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.09-ний өдрийн 18:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.09-ний өдрийн 19:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.10-ний өдрийн 01:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой осол:

Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой: Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн нутаг жишиг хорооллын хойд талаас бууны сум олдсон тухай дуудлагыг 2016.05.09-ний өдрийн 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Цагдаагийн газраас 4 албан хаагч, 1 автомашин, Батлан хамгаалах яамны ЗХЖШ-ын 084 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх бодисын хайгуул, устгалын  бүлгийн 5 албан хаагч, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр ажиллан, сумыг аюулгүй болгож, Улаанбаатар хот руу тээвэрлэн авч явсан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top