Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Хэнтий, Төв, Сүхбаатар аймгуудын нутгаар хур тунадас орсон.

Өнөөдөр:  Төв болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсээр 15-20 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал:  13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.08-ны өдөр 16 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 17:40 цагт иргэн Г /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гаргасан. 2016.05.10-ны өдрийн байдлаар нуур давалгаа ихтэй, 12-13 м/с салхитай, нуурын эргээр самналт хийсэн.

Сураггүй болсон: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Дундахын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т/ өвөлжиж байсан малчин Э /54 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2016.05.09-ний өдрийн 10:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.05.09-ний өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 10 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.05.10-ны өдрийн 08:36 цагт “Цагаан булан” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон 108 дугаар байрны 1 дүгээр орцны цахилгаан шатанд хүмүүс гацсан гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.05.11-ний өдрийн 00:51 цагт хүлээн авч тус нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч ажиллаж цахилгаан шатанд гацсан иргэн Н /30 настай эрэгтэй/, Э /31 настай эрэгтэй/, Н /31 настай эрэгтэй/, Б /31 настай эрэгтэй/ нарыг гаргасан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 120 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.09-ний өдрийн 22:15 цагт хүлээн авч тус сумын нутагт байрлах Хилийн цэргийн 306 дугаар ангийн Мэнэнгийн отрядаас 11 албан хаагч, “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК-аас 52 хүн, Халх гол сумаас 15 иргэн, нийт 78 хүн ажиллаж 2016.05.10-ны өдрийн 05:15 цагт түймрийг цурманд оруулан, 2016.05.10-ны өдрийн 09:24 цагт бүрэн унтрааж, Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.     

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн зөрчлийн 1, орон нутагт гал түймрийн 5, зөрчлийн 2, мэдээллийн 5 дуудлагатай байлаа. 

Дорнод аймгийн Хэрлэн сумын Дивиз багийн “Баруун шорвог” гэдэг газар малын хашаа, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.10-ний өдрийн 13:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 3 албан хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор  сумын Цахир багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.10-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн  7 албан хаагч,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.10-ны өдрийн 19:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт автомашин, граш шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.10-ны өдрийн 20:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван-Уул” ХХК-ийн Хиаман цехийн үйлдвэр /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 6 км-т/ шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.10-ны өдрийн 15:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 25 албан хаагч, мэргэжлийн ангийн 9 хүн, нэмэлт дуудлагаар Гал унтраах, аврах 44 дүгээр ангийн 19 албан хаагч, нийт 53 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top