Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаан боллоо

e46a51c25499b16f0fd078adfe36bc35.jpg

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2016 оны 2 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар 3 дугаар сарын 24-нд улс орон даяар зохион байгуулсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургуулийн үр дүн, зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц болон “Говийн чоно” гамшгаас хамгаалах дадлага сургуулилтын дүнг хэлэлцлээ.

Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлагад нийт 700 гаруй мянган хүн хамрагдсан нь өмнөх онуудынхаас өссөн үзүүлэлт гэдгийг танилцуулаад цаашид нийслэлийн 9 дүүрэгт суурилуулсан зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагийг нэмэгдүүлэх, аймгуудад гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх систем байгуулах, шинэчлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж тус зөвлөлийн нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр мэдээлэв. Мөн тэрээр “Говийн чоно” гамшгаас хамгаалах дадлагыг анх удаа орон нутагт зохион байгуулсан. Олон улсын тусламжийн бараа угтан авах, үдэн гаргах үйл ажиллагааны болон нүүлгэн шилжүүлэх дадлагыг зохион байгуулж, практик үйл ажиллагааг нэмэгдүүлсэн гэлээ.

Түүнчлэн гамшгаас хамгаалах Японы тогтолцоо үйл ажиллагааны талаар Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагааны зөвлөлийн нарийн бичгийн дарга Ё.Жаргалсайхан танилцуулга хийлээ.

Тус зөвлөлийн дарга бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний удаашралтай байгаа болон анхаарах шаардлагатай 10 гаруй зүйл заалтын үр дүнг тооцож, дараагийн хуралд оруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

scroll to top