Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна..

Улаанбаатар хотод: багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал:  17-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, 19-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 16-нд зарим газраар 14-16 м/с, 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 18,19-нд ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.08-ны өдөр 16 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 17:40 цагт иргэн Г /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гаргасан. 2016.05.14-ний өдрийн байдлаар 14 удаа шумбалт хийсэн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Бяруут” гэдэг газар хээрийн түймэр гарсан /сумын төвөөс хойд зүгт 74 км/ тухай дуудлагыг 2016.05.12-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, тус сумаас 34 иргэн, нийт 54 хүн ажиллаж 2016.05.14-ний өдрийн 09:51 цагт унтраасан.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаан чулуут багийн “Шар-Ус” гэдэг газар Монгол Улсын хилийн 952 дугаар тэмдэгийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр давж ирсэн тухай дуудлагыг 2016.05.14-ний өдрийн 23:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, хилийн 0132 дугаар ангийн 8 албан хаагч, орон нутгийн 37 иргэн, нийт 57 хүн ажиллаж байна.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 1, мэдээллийн 2 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.14-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Улаан чулуутын хогийн цэгийн урд аж ахуйн хашаанд хураалттай цаас шатаж байна гэсэн дуудлагыг 2016.054.14-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 03:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэнж” дэлгүүрийн урд талд авто замын зорчих хэсэгт иргэн С-ийн эзэмшлийн 04-02 СҮА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.14-ний өдрийн 09:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 5 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Дөрвөлж”-ийн “Задгай”-д эзэнгүй хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.14-ний өдрийн 13:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 5 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.14-ний өдрийн 19:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн “Шаргын-Овоо” гэдэг газар 69-84 УНМ улсын дугаартай ачааны автомашин, 77-99 УБК улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.05.14-ний өдрийн 13:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч ажиллаж иргэн С /33 настай, эрэгтэй/, Э /38 настай, эрэгтэй/ нар хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top