Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Орхон, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан аймгийн нутгаар хур тунадас орсон. Баянхонгор Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн өмнө, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Завхан, Төв аймгийн зүүн, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 7-12 градус, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал:  17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 18-нд зарим газраар 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.08-ны өдөр 16 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 17:40 цагт иргэн Г /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гаргасан. 2016.05.13-ны өдрийн байдлаар нуур давалгаа ихтэй, 12-14 м/с салхитай, нуурын эргээр самналт хийсэн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Анужин” зочид буудлын ард хавтанд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 2016.05.13-ны өдрийн 17:17 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Э /19 настай, эрэгтэй/ газар доорхи усан хангамжийн бохирын шугамын засварын ажлыг хийж байх үедээ цементэн хавтанд дарагдсан байсныг гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Бяруут” гэдэг газар хээрийн түймэр гарсан /сумын төвөөс хойд зүгт 74 км/ тухай дуудлагыг 2016.05.12-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, тус сумаас 34 иргэн, нийт 54 хүн ажиллаж 2016.05.13-ны өдрийн 02:27 цагт цурамд оруулсан.

Хэнтий аймгийн Норовлин сумын  Онон багийн “Тэрэгтийн Өндөр гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.13-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, орон нутгаас 15 иргэн, Дорнод аймгийн Баян-Уул сумын 23 иргэн, нийт 60 хүн ажиллаж 2016.05.13-ны өдрийн 22:30 цагт бүрэн унтраасан. /түймрийн өргөн 2-3 км, урт 6 км/

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. 

Дорнод аймгийн Хэрлэн сумын Бат-Уул багт нүүрсний амбаар, нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.13-ны өдрийн 18:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 3 албан хаагч ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top