Хүн, малын халдварт өвчний талаар:
Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг сум, Өмнөговь аймгийн Номгон, Хөвсгөл аймгийн Рашаант суманд гарсан “Галзуу” өвчин, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сум, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ сум, Хэнтий аймгийн Галшар суманд гарсан “Шүлхий” өвчний цагийн байдлыг үнэлэх, хорио цээрийн дэглэм тогтоох, өвчилсөн мал амьтныг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх, вакцинжуулах, хязгаарлалтын дэглэмийг сахиулах зэрэг ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллав.
Архангай аймгийн Батцэнгэл сум, Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өмнөговь аймгийн Баяндалай суманд гарсан “Галзуу” өвчний хорио цээрийн дэглэм сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн Буянт сум, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дорнод аймгийн Хэрлэн сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон, тээврийн хэрэгсэл саатсан тухай 28 дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан 22 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангав.
2014 оны 02 дугаар сарын 04-10-ны өдрүүдэд:
Баян-Өлгий аймгийн Буянт суманд тохиолдсон цасан шуурганд 1 иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн осолд 2 иргэн, Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт гарсан объектын гал түймэрт 2 иргэн өртөж нийт 5 иргэн амь насаа алдсан.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагаар ажиллаж 1 удаа цогцос гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 46 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.