Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Увс, Хэнтий, Завхан аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дарьгангийн тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал:  21,22-нд баруун болон говийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд  хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 21-нд говь талын нутгаар, 24-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Нарангийн ам” гэдэг газраас С /35 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2016.05.15-ны өдөр гэрээсээ гараад одоог болтол сураггүй байна гэсэн дуудлагыг 2016.05.19-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, цагдаагийн газрын 2 албан хаагч, орон нутгийн 3 хүн, нийт 10 хүн ажилласан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Ч.Баярбаатарын 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Элтон” ХХК-ийн ноолуурын үйлдвэрийн хялгас хадгалдаг саравч, хаягдал хялгас шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.19-ний өдрийн 08:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байшин, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.19-ний өдрийн 18:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top