Зүүн бүсийн ОБГ-уудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг явууллаа

12.jpg

Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх урьдчилан сэргийлэх үзлэгийг зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

“Уламжлалт анагаах ухааны эмчийн судас оношлогоо”, Зүрх судасны эмчийн үзлэг ЭКГ (зүрхний цахилгаан бичлэг), “Хэвлийн болон бамбайн эхо (хэт авиан) оношлогоо”, “Цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох”, “Сэтгэл зүйн асуумж авч үнэлэлт, дүгнэлт өгөх”, “Хөдөлгөөний үйл ажиллагааны чадвар алдалтанд үнэлгээ хийн зөвөлгөө өгөх”, “Биеийн жингийн индекс тодорхойлох” гэсэн төрлүүдээр явагдсан тус үзлэгт зүүн гурван аймгийн Онцгой байдлын газрын нийт 321 албан хаагч хамрагдсан юм.

Үзлэгийг Давтан сургалт, сэргээн заслын төвийн албаны дарга, ерөнхий эмч, хошууч Д.Хонгороор ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн хийж гүйцэтгэсэн.

Эрүүл мэндийн үзлэгийн үеэр мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийж, сэтгэлзүйн бэлтгэлийг үнэллээ.

Untitled pictureСудалгааны явцаас харахад чихрийн шижингийн урьдал байдалтай болон чихрийн шижинтэй, жингийн илүүдэл, таргалалттай гэж оношлогдсон ажилтан, албан хаагчдын ихэнх хувийг оффист буюу суугаа ажил хийдэг ажилтан, албан хаагч эзэлж байна.

Мөн судалгаанд хамрагдсан бие бүрэлдэхүүний 40% нь илүүдэл жинтэй, хурд 61%, уян хатан 22%, тэнцвэр 54%, тэсвэр 46% нь дунд болон хангалтгүй, уушгины багтаамж сул үзүүлэлттэй байгаа нь ажиглагдлаа. Тиймээс цаашид үүсч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэн нурууны булчин суллах, уушигны багтаамж сайжруулах дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулан, алжаал тайлах амралтын өрөөг тохь тухтай болгох, тамхины хэрэглээг багасгах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг үзлэгийн багийнхан гаргажээ.

Түүнчлэн үзлэгт хамрагдсан нийт албан хаагчдын дунд хийсэн стрессийн түвшинг илрүүлэх судалгаагаар стрессийн эхэн үе буюу стресстэй байдал зонхилж байгаа нь ажиглагджээ. Энэ нь нойргүйдэл, сэтгэл гутрал, толгой өвдөх, мөр хүзүүгээр хөших, архи тамхины хэрэглээ нэмэгдэх, шалтгаангүй бухимдах, сэтгэл гутрал, зүрх өвдөх, мартамхай болох ажлаас халширах гэх мэт түгээмэл шинж тэмдгээр илэрдэг байна.

Урьдчилан сэргийлэх үзлэг ирэх зургадугаар сард хойд бүсийн долоон аймгийн Онцгой байдлын газруудын ажилтан, албан хаагчдын дунд явагдана.

11 10 9 8 7 6 4 3 2 1

scroll to top