Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Хөвсгөл аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас нойтон цас, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, нутгийн зүүн  хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс 5-10 м/с 15 -17 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр, 24-нд  Хангай, Хөвсгөлийн уулсаар, 25,26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи  25,26-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 26-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа”  гэдэг газар малчин Т.Мягмарсүрэнгийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Ч.Баярбаатарын 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 10, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт айл шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.05.21-ний өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.21-ний өдрийн 17:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 10 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Өгөөмөр Монгол” группын манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.21-ний өдрийн 19:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.21-ний өдрийн 22:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.21-ний өдрийн 23:47 цагт хүлээн авч тус Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэр хаяг нь тодорхойгүй /30-35 орчим насны эрэгтэй/ иргэн өртөж нас барсан байсныг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаагийн ахмадад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөрзамчдын багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.21-ний өдрийн 23:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэргслийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны зам дагуу автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.05.21-ний өдрийн 23:05 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч ажиллаж, 46-68 УБЧ улсын дугаартай “Кова” загварын автомашин, 86-55 УНИ улсын дугаартай “Приус-20” загварын автомашин, 26-84 УНК улсын дугаартай “Ниссан санни-15” загварын автомашинууд мөргөлдөж иргэн Г /37 настай, эрэгтэй/, Б /40 настай эрэгтэй/ нар төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж НЯТТТ-ийн 103-ийн эмчид хүлээлгэн өгч, хэргийн газрыг НЗЦГ-ын ахлах мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top