Амины төлөөх амь хайргүй тэмцэл

912948457439944b1eda73.jpg

Түгшүүрийн дохио хангинаж, тэд 30 хормын дотор хэн нэгний амийг, амьдралынх нь эрхэм бүхнийг аврах замдаа гарна. Тэдний бэлэн болох энэ хугацаа бол бүрэн хувцаслаж машиндаа сууж хөдлөөд байршлаасаа 250 метр замыг туулсан байх хугацаа. Үүнээс Та хэний тухай өгүүлэх гэж байгааг ойлгосон биз ээ. Гал, усыг басаж болдоггүй гэсэн эртний сургамж үг бий. Саваагүй болон санамсаргүй үйлдлээр галд өртөх, усанд үйх зэрэг гай бүхнээс авран хамгаалах зоригт эрсийн ажил үйлс хийгээд, амьдралын тухай товч энд өгүүлэх гэсэн юм. Өвлийн улиралд галын дуудлага эрс ихэсдэг бол зуны улиралд хуурайшилт ихтэй үед галаас, хур нь ихтэй үед үерээс бусдыг тэд л авран хамгаална. Юуны түрүүнд онцгой албаныхны цаг үеийн мэдээллийг хүргэхээр Нийслэлийн онцгой байдлын газрыг зорилоо. Ер нь онцгойгийн алба хаагчдын талаар иргэдийн зүгээс талархалаас илүүтэй гомдол, шүүмжлэл ирдэг гэх үүднээс учир шалтгааныг тодруулах зорилгыг ч давхар өвөртлөн очив. Ингээд Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Сэдэдсүрэнтэй уулзаж ярилцсан юм.

-Аюулын эсрэг нүүр тулах эрэлхэг залуусын хөдөлмөрийн гараа хаанаас, хэрхэн эхэлдэг вэ?

-Гал сөнөөгч, аврагчаар орж ирж байгаа залуус манай ахлагчийн сургуульд суралцана. Үүнээс өмнө тухайн анги нэгтгэлд алба хаахаар ирэхэд нь энэ албанд тэнцэх үү, үгүй юу гэсэн судалгааг хийдэг. Тухайлбал, 18 нас хүрсэн бол МУ-ын иргэн эсэх, бие бялдрын болон эрүүл ахуйн гэх мэт хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай. Ер нь манайд боловсон хүчний хангалт сайн шүү дээ.

-Манай улсын техник тоног төхөөрөмжийн хангалт хэр хүрэлцээтэй вэ? Мөн одоо хэрэглэж байгаа техникүүд олон улсын өнөөгийн жишигт эн зэрэгцэж чадах уу?

-НОБГ-т хамгийн сүүлд гэхэд 2013, 2016 онд парк шинэчлэлтийг 100 хувь хийсэн. Жишээ нь энэ онд манай газар нутагт тохирсон, ой хээрийн болон объектын гал түймрийг унтраах зориулалттай дэлхийд нэгд бичигддэг автомашинтай болсон. 2013 онд гал унтраах зориулалттай 22 автомашин хүлээн авсан. Манайд нэг дутагдалтай зүйл байгаа нь 16-гаас дээш давхарт ажиллах бололцоо байхгүй. Энэ онд авсан автомашины сунадаг шат нь 35 метр урттай, 10 давхарт л хүрнэ. Өндөр давхарт ажиллах боломжтой автомашин оруулж ирье гэхээр манай замын нөхцөл болоод хот төлөвлөлт, барилга байгууламжаас шалтгаалаад явах боломжгүй байдаг.

-Зам, гарц чөлөөлөх ажил цэгцэрсэн үү, хэр үр дүнтэй болсон бэ?

-2014 оныг бодоход харьцангуй чөлөөтэй болсон. Гэхдээ цөөн хэдэн замууд бас байгаа. Жишээ нь, байрны гадаах нэг урсгалтай зам дээр иргэд автомашинаа тавиад хонуулах үед тухайн нутаг дэвсгэрт гал гарлаа гэхэд тусгай зориулалтын манай автомашинууд тэр гал дээр очиж ажиллах боломжгүй болно гэсэн үг.

Нийслэлийн хэмжээнд нийт 14 гал унтраах анги, 1 аврах анги ажиллаж байгаа бөгөөд жилд дунджаар 2400-2800 галын дуудлага, 300 гаруй аврах дуудлага ирдэг байна. Шуурхай удирдлагын төвд дуудлага ирсэн үед тухайн цаг үеийн нөхцөл байдлыг хянасны үндсэн дээр хамгийн ойр байрлах гал унтраах ангид мэдэгдэх нь галын аюулаас авран хамгаалах ажиллагааны бас нэг онцгой үүрэг. Хэдийгээр аврах ангиудын нутаг дэвсгэрийн харьяалал нь тус тусдаа байдаг ч замын хөдөлгөөний оргил ачааллын үед цаг алдахгүйн тулд энэ мэтээр зохицуулалт хийх нь тухайн деспитчерийн мэдрэмжийн асуудал ажээ.

-Цаг алдлаа хэмээн иргэдийн зүгээс шүүмжлэл, гомдол хэлдэг. Цаг алдах тэрхүү нөхцөл, шалтгаан нь юу байдаг вэ?

-Өнөөдөр замын түгжрэл ямар байгаа билээ. Иргэдийн ухамсарын асуудал ч бас бий. Мөн Замын хөдөлгөөний шинэчилсэн хуулинд бид улаан гэрлээр зорчихгүй, 60 км/ц-аас дээш хурдтай явахгүй гэсэн заалттай. Гэхдээ түгжрэлтэй зам руу орсон үед Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй холбогдож, гэрлийг ногоон болгон шилжүүлэх арга хэмжээ авах боломжтой байгаа.

-Бас нэг асуудал галын дүгнэлт. Дүгнэлт гарахгүй уддаг гэдэг. Наран их дэлгүүрийн шинэ барилга гэх мэт сүүлд томоохон объектуудад гарсан галын дүгнэлтүүд гарсан болов уу?

-Галын дүгнэлтийг цагдаагийн байгууллагаас гаргадаг болохоор мэдэхгүй байна. Бид бол унтраах, аюулгүй болгох л үүрэгтэй.

-Усанд осолдсон хүнийг ололгүй их удлаа гэж иргэдийн зүгээс, олоогүй байна гэсэн танай байгууллагын талаас мэдээллүүд гардаг. Иргэдийн энэ шүүмжлэлд ямар хариу өгөх вэ? Одоо болтол олдоогүй хүн байгаа юу?

-2013 оноос хөдөлгөөнт завьт эргүүл гарч эхэлснээс хойш энэ төрлийн ослын тоо эрс буурсан. Иргэд гарамгүй газраар автомашинтай гарах, голын урсгал ширүүн байгаа ч доошоо гүнзгий гэдгийг тооцолгүйгээр усанд ордог тохиолдлууд их байдаг. Хүн олдохгүй байна гэдгийн хувьд, голын урсгал ширүүн ч эрэг доогуураа гүнзгий байх, голын аль нэг хэсэгт тогтож үлдэх боломжтой эсэх гэх мэтээр тэр хүн хаанаас эхлэн живж урссан, хаана тогтох бололцоотой гэдгийг маш нарийн судалж, эрэн хайх ажиллагааг явуулна. Үүнд хэчнээн ч хугацаа орж магадгүй. Нийслэлийн хэмжээнд живсэн хүн олдоогүй тохиолдол байхгүй.

-Шингэрүүлсэн хий буюу газын хэрэглээ манайд замбараагаа алдсан. Үүнээс үүдэлтэй ослууд ч тасрахгүй байна. Үүнийг зохицуулах ямар арга байна вэ?

-100 хувь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх шаардлагатай. Мөн борлуулалт хийдэг байгууллага худалдан авагчиддаа сар бүр сургалт хийх ёстой. Түүнчлэн хэрэглэгчид холбогч шланкийг сар болгон солих ёстой. Гэвч хатууртал нь хэрэглэсээр л байдаг. Шланк нь 2м урттай байх ёстой. Газыг хэрэглэж дуусаад эхлээд баллоноо хаагаад шланк дотор үлдсэн хий шатаж дуусаад унтарсны дараа зуухаа унтраах ёстой. Шууд зуухаа унтраавал шланкад үлдсэн өнжсөн хий, маргаашийн шинэ хийтэй холилдоод зуух асаах үед тэсрэлт өгөх эрсдэлтэй байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Энэхүү эрсдэл дунд хөдөлмөрлөж буй алба хаагчдынхаа нийгмийн асуудалд хэр анхаардаг вэ?

-Ажилчдынхаа ахуй амьдрал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор манай байгууллага нийслэл болон дүүргийнхэнтэй нягт хамтран ажилладаг. Тухайлбал, газрын албадтай хамтраад шинэ гэр бүл болж байгаа алба хаагчиддаа газар олгохоос эхлээд олон талаар дэмжлэг үзүүлэхийг хичээдэг.

Ийнхүү бид мэдээлэл авсныхаа дараа Гал унтраах 10 дугаар ангийг зорьж улаан гал руу амь бие хайрлалгүй бусдын төлөө бие сэтгэлээ зориулж яваа алба хаагчтай уулзав. Тус ангид очиход хөх дүрэмт хувцастай хэсэг залуус хөөрөлдөн сууж байхтай нь таарсан ч ирсэн зорилгоо дуулгахад надад нэг хүнийг зааж өгөөд гарч одов. Ийм бүрэг, даруухан хэрнээ ид улалзаж буй галтай тэмцэх эр зориг тэдний сэтгэл зүрхэнд гүн шивээстэй ажээ.

Ингээд надтай хамт ширээний ард үлдсэн залуутай танилцав. Тэрээр Тасгийн дарга ахлах ахлагч Б.Хосбаяр гэдэг даруу нэгэн байлаа. Түүнтэй багахан хугацаанд хөөрөлдсөнөө энд хүргэе.

-Гал сөнөөгчөөр ажиллаад хэр удаж байгаа вэ? Энэ мэргэжлийн чухам юу нь таныг энд авчирсан юм бол? Шантарч байв уу?

-Анх 18 настайдаа сурагчийн ширээнээсээ дөнгөж салаад л гал сөнөөгч болсон. Одоо 12 жил ажиллаж байна. Би энэ ангийнхаа хойхно амьдардаг байсан юм. Тухайн үед энэ хашаан дотор гал сөнөөгч ах нар хөлбөмбөг тоглоод л, хоорондоо эвтэй олон залуусыг хараад сэтгэл хөдөлдөг байсан юм шиг байгаа юм. Тэгээд л энэ мундаг ах нар шиг болно гээд ирсэн дээ. Эхний 2,3 сар харамсаж байсан. Харин удалгүй ажилдаа дасаж дуртай болсон.

-Ажлын чинь хамгийн сайхан нь болон бэрхшээл нь юу вэ?

-Бид багаар ажилладаг онцлогтой. Галын дуудлага авч очоод унтраачихаад буцах үе хамгийн сайхан нь бас бахархалтай нь. Бүр нэг сэтгэл амраад их сайхан санагддаг. Багийнхантайгаа яаж ажилласан талаар ярилцаад л, галыг унтраачихаад буцах л хамгийн сайхан даа. Бэрхшээл мэдээж байлгүй яахав. Бидний ажил чинь дэлхийн эрсдэлтэй 10 ажил мэргэжлийн тоонд багтдаг гэдэг утгаараа хэцүү. Үүнээс гадна биднийг заримдаа хулгайд хүртэл сэрдэнэ. Мэдээж бид галыг унтраах гэж л очиж байгаа. Гэтэл биднийг удлаа, хурдан унтраагаач, удаан хөдлөөд байна гээд элдвээр хэлдэг. Аргагүй л дээ, өөрийнх нь юм шатаж байхыг хараад бачимдахгүй хэн байх вэ. Харин энэ зовлонг өөр дээрээ амсаагүй зарим ухамсар мөчид хүмүүс замд саад болох нь бий.

-Нийгмийн асуудалд чинь хэр анхаардаг гэж боддог вэ?

-Ер нь их сайжирч байгаа гэж боддог. Одоо гэхэд хоёр газар орон сууцны ажил эхлүүлсэн байгаа гэсэн. Энэ л гэхэд маш том асуудлыг шийдэж байгаа шүү дээ.

-Дуудлага хүлээж аваад гарах тэр үед сэтгэл зүйн хувьд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Анх шинэ цэрэг байхдаа түгшүүрийн дохио дуугарахад хувцаслаад машиндаа суугаад гарах үед сонин, сандрал ч гэмээр мэдрэмж төрдөг байсан, гэхдээ айдас биш. Шөнийн гал их аймар харагддаг байлаа. Би сандарснаасаа болж унаж бүдчээд л явж байлаа. Одоо бол өөр болсон.

-Бусдад сургамж болохуйц болсон явдлаасаа хуваалцаач.

-Хүн ер нь өөрт нь учрахгүй л бол ойлгодоггүй юм шиг. Бид нар галын дуудлага аваад Чингэлтэй рүү явж байсан юм. Гэтэл нэг автомашинтай жолооч замд саад болоод хэсэг хугацаанд саатлаа. Ингээд хаяг дээрээ очоод ажиллаж байсан чинь нөгөө зам тавьж өгөхгүй байсан хүн ирсэн. Тэднийх байж таарсан. Хэзээ, хэнд ч, юу ч тохиолдож болно. Тиймээс иргэд тусгай дуут дохиотой автомашинд зам тавьж өгч байх ухамсартай байх л хэрэгтэй. Ер нь хүн өөрт л тулахгүй бол зовлон ойлгодоггүй юм шиг ээ.

Түрүүн хулгайд сэрдэгдсэн талаар бас товч ярья. Хороололд дуудлагаар очоод нэг айлын өрөө шатаж байхад нь унтраалаа. Үүргийнхээ дагуу би түрүүлж орсон юм. Гэтэл айлын эзэн мөнгөтэй цүнх алга болчихож гэдэг байгаа. Ингээд хөөтэй нүүртэй биднийг шууд БГД-ийн цагдаагийн хэлтэст байцаасан юм. Тэгж байтал өнөө хүн утсаар яриад цүнхийг нь дүү нь авч явсан талаар хэлжээ. Гомдолтой нь тэр хүн биднээс уучлалт гуйгаагүй. Иймэрхүү явдал мэр сэр гарна.

-Ар гэрийнхний чинь зүгээс араас тань их л санаа зовнидог байх даа. Гал түймэр унтраах үедээ гэмтэж бэртвэл тусламж үзүүлэх эмчтэй явдаг уу?

-Үгүй ээ. Бид нар эмчтэй явдаггүй. Осолдлоо гэхэд Аврах 105-д дуудлага өгч анхны тусламжаа аваад эмнэлэгт хүргүүлдэг.

-Иргэдээс хэр их талархал сонсдог вэ?

-/сурв: хэсэг бодов/ Нэг хүнээс авч байсан юм байна. Галаас аварсан хүний гэр бүлийнхэн нь ирж талархалаа илэрхийлж байсан.

-Ард олныхоо аюулгүй байлдын төлөө амиа үл хайрлан тэмцэж ажилладаг та бүхэндээ талархалаа илэрхийлээд яриагаа өндөрлөе.

-Баярлалаа.

Түүнтэй ярилцаж суух үед эргэн тойронд нам гүм. Түүний хэлснээр алба хаагчид сургалт, сургуулилт, амралт, цэвэрлэгээ зэрэг өдрийн тогтсон хуваарьтай аж. Ахлах ахлагч Б.Хосбаяр “Хамгийн гол нь бид нэгэндээ итгэхгүй эргэлзэх юм бол гал унтраана гэж ярих ч хэрэггүй. Тиймээс бидний багийн ажиллагаа итгэл дээр тогтдог” хэмээн оцлон хэлсэн юм. Нэгэн халуун ам бүл болох энэ хамт олны үйл бүхэн ариун тул ард түмнийхээ итгэлт анд юм гэдгийг энд цохон тэмдэглэмээр байна.

Үхэвч үл гомдох энэ албаныхны үнэнч сэтгэлийн гүнд утсан улаан амьны үнэ цэнэ оршино. Тиймдээ ч бусдын амь насны төлөө өөрийн амийг үл хайрлах тэдний тэмцэл амьдралд итгэл хайрладаг юм.

Эх сурвалж: www.bataar.mn

scroll to top