Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч шорүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 29-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, талын нутгаар 15-17 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. 27-нд баруун болон төвийн нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын талаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Завхан аймгийн Отгон сумын төвөөс Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны чиглэлд 2016.05.21-ний өдрийн 17:00 цагт 15-17 ГАА улсын дугаартай ачааны автомашинтай зорчиж явсан иргэн Б /53 настай, эрэгтэй/, Н /50 настай, эмэгтэй/, М /49 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 2016.05.23-ны өдрийн 23:00 цагтхүлээн авч тус Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны 7 иргэн, 2 автомашинтай, Завхан аймгийн Отгон сумын Цагдаагийн тасгийн 4 албан хаагч, 2 иргэн, 2016.05.23-ны өдрийн 23:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  2016.05.24-ний өдрийн 08:10 цагт Завхан аймгийн Отгон сум, Баянхонгор аймгийн Баянбулаг сумдын зааг “Цагаан даваа” гэдэг газраас машин нь эвдэрч, цасанд суусан, нутгийн айл Ө.Гончигийнд эсэн мэнд байсныг олсон.

Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрхийн товчооноос нааш 200 метрт Туул голд хүүхэд живчихлээ гэсэн дуудлагыг 2016.05.24-ний өдрийн 18:37 цагт тус тус хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж Ө /14 настай, эрэгтэй/ Туул голоос салаалсан тогтоол усанд живж нас барсан байсныг гарган цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа”  гэдэг газар малчин Т.Мягмарсүрэнгийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Ч.Баярбаатарын 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр: 

Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн “Зүүн зүрх” гэдэг газар /сумаас хойд зүгт 50 км-т/ ОХУ-аас хилийн 842 дугаар тэмдэгтээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2016.05.24-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн Ульханын заставаас 28 албан хаагч, орон нутгаас 6 иргэн, нийт 58 хүн ажиллаж 2016.05.24-ний өдрийн 22:30 цагт түймрийг цурманд оруулан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 3, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цанын баазад байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.24-ний өдрийн 09:20 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.24-ний өдрийн 10:28 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.24-ний өдрийн 21:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорноговь Сайншанд сумын 3 дугаар багийн Мааньзавын гудамжинд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.24-ний өдрийн 22:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top