Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тулгамдсан асуудлаар оюутан, судлаач, эрдэмтдийн дунд “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдааныг зарласан билээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж шинжлэх, үр дүнг орчин судалгааны арга зүй, загварчлал, программ хангамж ашиглан боловсруулалт хийж, дүгнэлт гаргах, асуудлыг шийдвэрлэх шийдэл, төсөл, санал боловсруулж, шинэлэг хандлага, санаачлага гаргаж тавих зорилгоор зарлагдсан уг уралдаан энэ оны хоёрдугаар сарын 19-нөөс тавдугаар сарын 29-ны хооронд зарлагдсан юм.
Уралдаанд оролцогчид “Газар хөдлөлийн зүй тогтол”, “Гал түймрийн гамшгийн онцлог, нөлөөлөх хүчин зүйл”, “Үер, усны гамшгийн онцлог, нөлөөлөх хүчин зүйл”, “Гамшгийн зарлан мэдээлэл, амжиж анхааруулах систем”, “Барилгын чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын үнэлгээ, дахин төлөвлөлт” зэрэг есөн сэдвээр судалгаа шинжилгээ хийж, оновчтой шинэ санал санаачлагыг гаргаж ирэх даалгавартай.
Оролцогчдын судалгаа шинжилгээний ажлыг Онцгой байдлын ерөнхий газрын Хурлын танхимд нээлттэй шүүн хэлэлцэж, судлаач, эрдэмтдийн шилдэг гурван бүтээл, оюутны шилдэг гурван бүтээл болон дөрвөн тусгай шагналын бүтээлийг шалгаруулах юм.
Тэгвэл уг уралдааны шалгаруулалтыг хийх хэлэлцүүлэг ОБЕГ-ын хурлын танхимд яг одоо явагдаж байна.