Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Сүхбаатар, Өмнөговь аймагт бороо орсон.

Өнөөдөр: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст  баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с.  18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 8-нд баруун, төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар сэрүүхэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, ар гэрийн 4 хүн, орон нутгаас 4 иргэн, нийт 21 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.05-ны өдрийн байдлаар завьтай 15 км, явганаар 15 км газарт самналт хийсэн.

Сураггүй болсон: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт оршин суугч Д /сэтгэцийн өвчтэй, 47 настай, эрэгтэй/ 2016.06.04-ний өдрийн 23:00 цагийн орчим гэрээсээ гараад одоо болтол сураггүй байна гэсэн дуудлагыг 2016.06.05-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, ар гэрийн 13 хүн,  нийт 19 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын Төрхурхын аманд нэг хүн төөрсөн олдохгүй байна гэсэн   дуудлагыг 2016.06.05-ны өдрийн 00:24 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж С /41 настай, эрэгтэй/-г Богдхан-Уулын Хүрхрээгийн амнаас 2016.06.05-ны өдрийн 08:30 цагт эсэн мэнд олж дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Ус, цас, шаварт саатсан: Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа багийн нутаг Туул голд автомашин усанд суусан гэсэн дуудлагыг 2016.06.05-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч ажиллаж иргэн Г-гийн 84-51 УНТ улсын дугаартай “Маяти” загварын автомашин суусан байсныг  татан гаргаж аюулгүй болгосон.

Аврах ажиллагаа: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр хорооллын “Парк таун” 49 дүгээр байрны 10 давхраас хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 2016.06.05-ны өдрийн 21:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч ажиллаж тус байрны 10 дугаар давхарт оршин суух иргэн Г-гийн Г /4 настай, эрэгтэй/ тагтан дээрээ гарсан байсныг доод давхрын айлаар дамжин орж хүүхдийг аюулгүй болгосон.

3.Ой, хээрийн түймэр: 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Халтар багийн “Халтарын говь” гэдэг газар /Хилийн 6 дугаар заставаас 7 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.04-ний өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, Хилийн 0146 ангийн 6 албан хаагч, нийт 26 хүн ажиллаж 2016.06.05-ны өдрийн 23:10 цагт цурманд оруулан 2016.06.06-ны өдрийн 06:30 цагт бүрэн унтрааж заставын орлогчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Мэргэн шувуут” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35-40 км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.05-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 4 хүн, нийт 16 хүн ажиллаж мөн өдрийн 14:00 цагт цурманд оруулан 16:30 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. 

Ховд аймгийн Булган сумын /төвөөс 130 км-т/ Байтаг багийн “Давст” гэдэг газар иргэн Д-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.05-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 38 дугаар ангийн 9 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 16 давхар байрны доод талын “Жүр үр” бялууны цехэд гал гараад байна гэсэн дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 01:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Тохойн-Адгийн булгийн дэвсэг” гэдэг газар /сумын төвөөс 100 км  орчим зайд/ нүүдэл хийж байгаад иргэн Т /52 настай, эрэгтэй/ 09-59 УНР улсын дугаартай “Фургон” загварын автомашинтай явж байгаад 50 метрийн гүн хавцал руу унаж осолдсон тухай дуудлагыг 2016.06.04-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгаас 30 иргэн, нийт 38 хүн ажиллаж 70-80 см уснаас машиныг нь татан гаргаж машины эд ангиудыг салгаж, гэр, эд хогшил болон цогцсыг хавцлаас 60 метр газар зөөвөрлөж 2016.06.05-ны өдрийн 13:50 цагт Алтай сумын Тамгын газрын дарга, аймгийн Цагдаа, Прокурорын газрын хамтарсан ажлын хэсэг, мөн ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.

Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цогт-Уул багт их бууны сум олдлоо гэсэн дуудлагыг 2015.06.05-ны өдрийн 11:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 5 албан хаагч, мөн аймгийн Цагдаагийн газрын 4 албан хаагч, аймгийн цэргийн штабын 3 албан хаагч, нийт 12 хүн ажиллаж, их бууны сумны цэнэггүй хушуу байсныг  шалган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top