Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий, Төв аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  сэрүүсч 11-16 градус, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с.сэрүүсч 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн  зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Салхи 5-нд говь талын нутгаар  12-14 м/с, 7-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 8-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 5,8-нд нутгийн хойд хэсгээр  сэрүүхэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, ар гэрийн 4 хүн, орон нутгаас 4 иргэн, нийт 21 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.03-ны өдрийн байдлаар завьтай 110 км, явганаар 30 км,  газарт самналт хийж, анх унасан гэх газраас Дээд эвэртэй гэдэг газар, Атар баг хүртэл эрлийн ажиллагааг хийж 22:20 цагт буусан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал”-ын гүүрний зүүн талд 200 метрт туул голын усанд хүн живсэн тухай дуудлагыг 2016.06.03-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж иргэн А (16 настай, эмэгтэй), И (16 настай, эмэгтэй) нар усанд орж байгаад голын цаад эрэг дээр өөрсдөө гарсан байсныг голын нөгөө захад гаргаж НТТТөвийн 103-т шилжүүлэн өгсөн.

3.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн  1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.04-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, нэмэлт дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, нийт 15 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн И (69 настай, эрэгтэй) 2 дугаар давхраас унаж бэртсэн байсныг НТТТөвийн 103-т шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин, малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.04-ний өдрийн 02:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дүгээр ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн, 12 дугаар байрны 2 дугаар орцны гадна хог шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.06.03-ны өдрийн 16:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт байшин шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.06.03-ны өдрийн 20:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top