1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын зарим нутгаар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 10,11-нд зарим газраар түр зуурын бороо, 9-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8, 9, 11-нд зарим газраар, 10-нд говь, талын нутгаар 12-14 м/с. хүрч ширүүснэ. 8-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, ар гэрийн 4 хүн, орон нутгаас 4 иргэн, нийт 21 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.06-ны өдрийн байдлаар явган 15 км газарт самналт хийсэн.
Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Баньдийн арал” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд хөвдөг гүүр барьж байсан 2 иргэн гүүрний хэсгийн хамт тасраад урссан тухай дуудлагыг 2016.06.06-ний өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, мөн өдрийн 18:30 цагт орон нутгийн иргэд, гүүрийн хамт урсаж явсан тус сумын иргэн Б /40 настай, эрэгтэй/, “Хотгор зам” ХХК-ны ажилтан С /28 настай, эрэгтэй/ нарыг аварсан биеийн байдал нь хэвийн гүүрийг уснаас гаргах ажиллагаа зохион байгууллан ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн нутаг /сумын төвөөс баруун зүгт 40 км/ “Хар сайрын булан” гэдэг газар Дэлгэрмөрөн голд иргэн Б /30 орчим настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч 2016.06.07-ны өдрийн 06:08 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сураггүй болсон: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн оршин суугч Д /сэтгэцийн өвчтэй, 47 настай, эрэгтэй/ 2016.06.04-ний өдрийн 23:00 цагийн орчим гэрээсээ гараад одоо болтол сураггүй байна гэсэн дуудлагыг 2016.06.05-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, ар гэрийн 13 хүн, нийт 19 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.06-ны өдрийн 09:00 цагт тус сумын 8 дугаар багийн багийн нутаг “Шорной” гэдэг газраас эсэн мэнд олсон тухай ар гэрээс нь мэдээллэсэн.
Ус цас шаварт саатсан: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг “Өвөр хоолой, Борхошуу” гэдэг газар иргэн А-гийн 76-12 ӨМӨ улсын дугаартай “Портер загврын автомашин, Э-гийн 00-80 ӨМА улсын дугаартай Lexus470 загварын автомашинууд шаварт суусан дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 07:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч ажиллаж 9 иргэн зорчиж явсан 2 автомашиныг 2016.06.06-ны өдрийн 13:53 цагт шавараас татан гаргасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны багийн “Ногоон толгойн гарам”-аар гарах гэж явсан автомашин голд суусан гаргаж өгөөч далд орох гээд байна гэсэн дуудлагыг 2016.06.07-ны 02:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж иргэн Н-ийн эзэмшлийн 23-31 ӨВА улсын дугаартай суудалын автомашиныг 2016.06.07-ны өдрийн 04:30 цагт голоос татан гаргаж аюулгүй болгосон.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 5 дугаар давхраас хүн унасан байна гэсэн дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 16:42 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж иргэн Э (35 настай, эмэгтэй) тус байрны 5 дугаар давхраас 1 дүгээр давхрын дэлгүүрийн дээвэр дээр унаж нуруу болон баруун хөл шагайндаа гэмтэл авсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлэн өгсөн.
3.Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.
4.Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн нутаг “Хуурай шаазгайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгаас 12 иргэн, нийт 30 хүн ажиллаж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн нутаг “Хуурай хөндийн эхэн” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 18 иргэн, нийт 30 хүн ажиллаж мөн өдрийн 22:35 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт “Хар тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 18 иргэн, нийт 30 хүн ажиллаж мөн өдрийн 22:35 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
5.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 2 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр зах”-ын дэргэд иргэн Л-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 11:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд хашаа, жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 19:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд иргэн Н-ийн хашаанд өтөг бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 22:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 6 албан хаагч,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт айл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 12:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж, уг гал түймрээс иргэн Б /83 настай, эрэгтэй/-г аварч эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгч, утаажилтад өртсөн 10 хүнийг аюулгүй гарган ажилласан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Модны үйлвэрийн хашаан дотор Мужааны цехийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 51 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
6.Техникийн холбогдолтой осол:
Тээврийн хэрэгслийн осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхан багийн “53-ын Боргио” гэдэг газар зам тээврийн осол гарч төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 18:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж, 27-30 СБ улсын дугаартай “Тракторын” төмөр хийцэд иргэн Т /47 настай, эрэгтэй/ хавчуулагдан нас барсан байдалтай байсныг гаргаж аймгийн Цагдаагийн бие бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Тохойн гол” гэдэг газар /сумын төвөөс хойд талд 35 км/ зам тээврийн осол гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 20:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, иргэн Г-гийн эзэмшлийн 73-93 СҮА улсын дугаартай “Истана” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн 92-49 УНР улсын дугаартай “Пургон” загварын автомашин мөргөлдсөний улмаас иргэн Б /61 настай, эрэгтэй/, А /12 настай, эмэгтэй/, Ө /58 настай, эрэгтэй/ 3 хүн нас барж, 12 хүний биеийн байдал хүнд байдалтай байсныг аймгийн Цагдаагийн бүрэлдэхүүнд болон эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР