1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг болон төвийн нутгаар үүлэрхэг бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 14-19 градус, Их нууруудын хотгор болон Говь талын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: үүлшинэ, бороо орно, салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 12-14 м/с хүрч ширүүснэ. 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зарим газраар, 11, 12-нд зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9, 10-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 9-нөөс нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, ар гэрийн 4 хүн, орон нутгаас 4 иргэн, нийт 21 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.07-ны өдрийн байдлаар явган 15 км газарт самналт хийсэн.
Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Баньдийн- Арал” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд хөвдөг гүүр барьж байсан 2 иргэн гүүрний хэсгийн хамт тасраад урссан тухай дуудлагыг 2016.06.06-ний өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, мөн өдрийн 18:30 цагт орон нутгийн иргэд, гүүрийн хамт урсаж явсан тус сумын иргэн Б /40 настай, эрэгтэй/, “Хотгор зам” ХХК-ны ажилтан, С /28 настай, эрэгтэй/ нарыг аварсан биеийн байдал нь хэвийн 2016.06.07-ны өдрийн байдлаар гүүрийг холбож бэхлэх ажиллагаа үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн нутаг /сумын төвөөс баруун зүгт 40 км/ “Хар сайрын булан” гэдэг газар Дэлгэрмөрөн голд иргэн Б /30 орчим настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч 2016.06.07-ны өдрийн 06:08 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 15 удаа гүний шумбалт хийсэн, явганаар 20 км-т самналт хийсэн, гол үертэй, шумбалт хийхэд харагдах нөхцөл хязгаарлагдмал байгаа тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг түр зогсоосон.
Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Баялагын хонхор” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг иргэн Д-гийн эзэмшлийн бичил уурхайд нуралт болж 2 иргэн уурхайн гүнд шороонд дарагдсан тухай дуудлагыг 2016.06.07-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 37 албан хаагч ажиллаж мөн өдрийн 18:25 цагт иргэн Г /42 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, 2016.06.08-ны өдрийн 03:55 цагт иргэн А /28 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус тус гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
3.Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.
Үер, усанд саатсан: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Их булан багийн “Их булан” гэдэг газар 1 хүн Ховд голын аралаас малаа авах гэж ороод усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.07-ны өдрийн 14:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж иргэн Ж /20 настай, эрэгтэй/-г аюулгүй газар гаргасан.
Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Дашванжил-Яам” гэдэг газар Булган голын усны түвшин ихэдснээс, голын ай сав дагуу зусаж байгаа 16 айл өрх усанд автсан тухай дуудлагыг 2016.06.07-ны өдрийн 15:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 30 иргэн ажиллаж нүүлгэн шилжүүлж аюулгүй газар хүргэсэн.
4.Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн нутаг “Хуурай шаазгайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгаас 12 иргэн, нийт 30 хүн ажиллаж 2016.06.07-ны өдрийн 10:16 цагт цурамд;
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн “Гурамсангын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түмэр гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 23:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 4 албан хаагч, орон нутгийн 9 иргэн ажиллаж 2016.06.07-ны өдрийн 15:45 цагт цурамд тус тус оруулсан.
5.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 8, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд иргэн С-ийн эзэмшлийн 01-81 УБХ улсын дугаартай суудлын автомашин, хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.07-ны өдрийн 10:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санбы констракшн” ХХК-ийн хашааны гадна нүүрсний хог шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.07-ны өдрийн 12:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 6 албан хаагч ажилласан. Уг галд Б /11 настай, эмэгтэй/ 2 хөлийн тавхайн хэсэг түлэгдсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин, модон хана /торх/ шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.07-ны 18:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 9 албан хаагч,
Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт түлээний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.07-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР