Аян замын дөрөө ханхийлгэн баруун аймгуудаар бууж ирэхээр мордлоо. Хатуу өвөл, хахир хаврыг давсан хүн, малын зоо тэнийж, зуны сар өнгийн гоёлоо хэдийнээ зүүж, уул тал ногоон торгон хэвнэгээ нөмөрчээ.
Онцгой байдлын алба энэ онд орон нутагт Гал түймэр унтраах, аврах зургаан ангийг шинээр байгуулан, аврагчдынхаа эгнээг шижигнэсэн 300 залуугаар өргөжүүлээд байна. Иргэдэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөл энэ хэрээр бүрдэж, монгол хүний амьд явах эрх ашиг хангагдана гэсэн үг.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг баруун хязгаарыг зорьж яваа минь учиртай.
Шинээр байгуулагдаж байгаа анги, салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлэх, ачааны хүндийг үүрч явдаг аврагчидтайгаа уулзаж санал бодлыг нь сонсох, орон нутагт тулгамдаж байгаа асуудалтай биечлэн танилцаж шийдвэрлэх зорилготой ОБЕГ-ын даргын томилолт Орхон аймгаас эхэлсэн.
Хүн амын тоо өсөж, хотжилт хүрээгээ тэлэн, үйлдвэрүүд олноор үүдээ нээж байгаа тул тус аймгийн төвд Эрэн хайх, аврах шинэ анги байгуулахаар барилгынх нь зураг төслийг гаргажээ. Шинэ анги байгуулах 3.4 га талбайг тус аймгийн Засаг даргаар шийдвэрлүүлсэн байна. Шинээр байгуулах анги нь аврагчдын сэтгэл зүйн зурвас, бэлтгэл хийх сургалтын талбай, гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн болон олон улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах, тамирчид бэлтгэл сургуулилт хийх талбайтай байх юм.
Мөн нисдэг тэрэг буух, хөөрөх талбай байгуулахаар төлөвлөжээ. Эрэн хайх, аврах анги байгуулах Засгийн газрын тогтоол удахгүй гарах юм байна.
Энэ жил Орхон аймгийн болон Онцгой байдлын газар байгуулагдсаны 40 жилийн тохиож байгаа. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газрын хамт олон ойгоо угтан, олон бүтээлч ажил өрнүүлж эхэлсний нэг нь Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байгуулж буй Аврагчдын өргөн чөлөө юм.
Онцгой байдлын алба байгуулагдсан цагаас ашигласан гал унтраах автомашин, техник хэрэгслийг энд мөнхжүүлэн байрлуулахаар төлөвлөсөн гэдгийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа А.Ганбаатар танилцуулав. Түүнчлэн албан хаагчдынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхааран “Эрдэнэт медипас” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ингэснээр 135 аврагч нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг эх орондоо үнэ төлбөргүй хийлгэх боломж бүрджээ. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын ирэх жилийн зорилтод тусгагдсан Гамшгийн шуурхай удирдлагын бүсийн төвүүдийг байгуулахтай холбогдуулан тус аймагт байгуулах Хойд бүсийн төвийн удирдлагын байрны зураг, төслийг хийж танилцуулахыг үүрэг болголоо.
Тэнгэр хураа хайрлаж, ая дан нь таарсан сайхан дуу эгшиглэх шиг бороон дусал газар чийгтүүлэх нь таатай. Нар хэвийхтэй зэрэгцэн бид Булган аймагт саатав. Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар генералаа угтан авлаа. Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги нэг дор байрладаг. Тэд машин техник, багаж, хувцас хэрэгслээ бүгдийг дэлгэсэн байв.
Ингээд Онцгой байдлын газрын дэргэд барьж буй спорт заалны барилгын явцтай танилцав. Эдний хамт олон өөрсдийн хүч, нөөц бололцоог ашиглан, 26х15 метр талбайтай спорт заалны суурь тавьжээ. Үүнээс гадна Булган сумын Жаргалантын аман дахь албан хаагчдынхаа зуслангийн газар дээр 10х16 метр сургалтын танхим барьж байгаа аж.
Долдугаар сард Галын техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Булганд болно. Уг тэмцээнд бэлтгэн, аврагчид өдөр тутам бэлтгэл сургуулилтаа хийх сургалт, дадлагын талбайг засан, тохижуулж эхэлжээ. Тэмцээнд оролцох баг тамирчдыг бэлтгэх, бэлтгэлийг нь хангуулахаар Үйлчилгээний гавьяат ажилтан Т.Отгон урилгаар ажиллаж байлаа.
Булган аймгийн нутгаар Орхон, Сэлэнгэ, Эг, Туул зэрэг томоохон гол урсдаг тул усанд осолдсон, мөс цөмөрсөн тухай дуудлага зонхилдог аж. Тус салбарын дарга, ахлах дэслэгч Ж.Лхагважаргал, техник ашиглах боломжгүй аврах ажиллагаанд хэрэглэх өргөгч дутагдалтай байгааг ОБЕГ-ын даргад танилцуулав. Тухайлбал, 2015 оны сүүлчээр Баян-Агт сумын Цэгээн нуурын мөс цөмөрч, машин суусан. Түүнийг техникээр татаж гаргах боломжгүй байсан тул аж ахуйн нэгжээс өргөгч аваачин, уг машиныг өргөж гаргажээ. Ийм өргөгч доод тал нь таван тонны даацтай байх шаардлагатайг учирлав.
Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги байгуулагдсаны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Ойгоо угтан, салаа бүр бүтээлч ажил санаачлан өрнүүлж байгааг тус ангийн захирагч, ахлах дэслэгч Б.Мөнхзул танилцууллаа.
Гал тогоондоо бүрэн засвар хийж, ангийнхаа паркийн таазыг шинэчилжээ. Албан хаагчид өрөө тасалгаагаа засаж, тохижуулах ажил ид өрнөж байсан юм.
ОБЕГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэгт Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр багтан ажилласан нь учиртай. Тэрээр Онцгой байдлын салбарын хууль эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалт, байгууллагын зорилт, бодлого үйл ажиллагааны талаар нийт бие бүрэлдэхүүнд танилцуулга хийж явлаа.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал бие бүрэлдэхүүнтэй уулзаж албан хаагчдын санал, бодлыг нь сонсов. Тус аймгийн Хялганат, Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал сумыг хариуцсан байцаагчийн орон тоог нэмэх, салааны захирагч томилох зэрэг асуудлаас гадна компьютерийн хангамж, хүчин чадлыг сайжруулах, спорт заал барихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг албан хаагчид тавьж байлаа.
Ингээд бид Монгол Улсын ойн баялгийн гуравны нэгийг бүрдүүлдэг Хөвсгөл аймгийг зорилоо.
Газар тариалангийн гол бүс нутаг болсон Тариалан суманд Засгийн газрын 200 дугаар тогтоолоор Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги шинээр байгуулагдаж байгаа юм. 6000 гаруй хүн амтай энэ суманд 0-35 насны залуучууд 70 орчим хувийг нь эзэлдэг байна.
Шинэ ангийн нээлтэд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Тариалан сумын засаг дарга Ц.Хөвсгөлдалай, ОБГ-ын дарга Г.Нэргүй нар оролцож тууз хайчиллаа.
Тус ангид ажиллах 39 албан хаагчийн 90 хүртэлх хувийг Тариалан сумаас, бусдыг нь Мөрөн, Алаг-Эрдэнэ, Хатгал, Их уул, Тосонцэнгэл сумаас сонгон шалгаруулан сургаж дадлагажуулжээ. Ингэснээр орон нутагт ажлын байр нэмэгдэж, иргэд сумандаа ажиллах сайхан боломж бүрдсэн.
Уг анги байгуулагдсанаар Тариалан сумын иргэдийг болзошгүй аюул, ослоос авран хамгаалаад зогсохгүй аймгийн зүүн сумдад ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдэж байна гэдгийг аймгийн Засаг дарга онцолж байсан.
Гал түймэр унтраах аврах 46 дугаар анги одоогоор түр байранд үйл ажиллагаа явуулж эхлээд буй. Зориулалтын галын депо барих мөнгийг 2017 оны улсын төсөвт суулгах юм.
Энэ үеэр Онцгой байдлын албанд шинээр орж, аврагч гал сөнөөгчөөр ажиллаж буй онцгой байдлын дэд ахлагч Ч.Лувсанжамцтай ярилцлаа.
– Онцгой байдлын албанд орж ажиллах дур сонирхолтой залуусын төлөөлөл болж байгаад тань баяр хүргэе….
– Баярлалаа. Би 21 настай. Аав, ээж, эгчийн хамт амьдардаг. Шинээр анги байгуулагдана гэж сонсоод Онцгой байдлын газарт өргөдөл бичсэн. Улаанбаатарт очиж шалгалт өгч тэнцээд Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуульд аврагч, гал сөнөөгч мэргэжлээр гурван сар суралцаж төгссөн. Сэтгэгдэл маш өндөр байна. Ажилдаа эзэн болж, албаа нэр төртэй хаахыг л хүсч байна даа.
– Аав ээж нь юу гэж захиж байна…
– Аав ээж хоёр маань надаар маш их бахархаж байгаа. Нэр төртэй сайхан албанд орлоо. Аавын хүүхдүүдтэй эвтэй, хамт олондоо нэр хүндтэй, бусдыг манлайлж, хичээж сайн ажиллаарай гэж захьдаг.
– Онцгой байдлын албанд орж ажиллах бодол хэзээнээс төрсөн бэ ?
– Тариалан сумын 12 жилийн сургуулийг төгсөөд Эрдэнэтийн 0186 дугаар ангид нэг жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Манай ангид аймгийн Онцгой байдлын газраас офицерууд ирж бидэнд хичээл зааж, үзүүлэх сургууль зохион байгуулсан юм. Үүнээс хойш л Онцгой байдлын албанд ажилд орох юмсан гэсэн бодол надаас салаагүй.
– Анхны дуудлагатаа гарсан уу?
– Ахлагчийн сургуульд сурч байхдаа Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангид үйлдвэрийн дадлага хийсэн юм. Дарь эхийн дунд буудал дээр нийтийн байр, авто засварын газар шатсан дуудлагаар ажилласан. Барилгын хийц бүтээцэд задаргаа хийж, төв шугамд холболт хийх үүргийг гүйцэтгэсэн. Анхны болоод ч тэр үү сэтгэл их догдолсон. Галаа унтраачихаад буцаж явахад юу ч юм мэдэхгүй дээшээ нэг юм огшоод байж билээ.
Би бага байхдаа галд түлэгдэж, хөлөө хугалж байсан юм. Цахилгаанаас болж гал гарсан. Гэртээ ганцаараа байсан намайг хажуу айлын маань ах галаас аварч билээ. Миний цээжин дээр одоо ч сорви бий. Хүний амь насыг аварна гэдэг тэр хүнд дахин амьдрал хайрлаж байгаа хамгийн том буян гэж боддог. Тийм ч учраас би Онцгой байдлын албанд орох гэж зүтгэсэн, хичээсэн. Мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна.
– Улам сайн хичээж ажиллаарай, чамд болон хамт олонд тань амжилт хүсье.
– Баярлалаа, өнөөдөр бид их догдолж байна. Ангийн маань нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга ирж оролцож байгаад бид их баярлаж байна.
Ангийн нээлтийн арга хэмжээнд нас ная гарсан нэгэн буурай оролцож үг хэллээ. Б.Хасбазар гэж энэ буурай гал командад 36 жил ажиллажээ. Анх Хатгал суман дахь гал унтраах ангид анхны даргаар ажиллаж байж.
Хамт ажиллаж байсан нөхдөө дурсч сонин түүхийг бидэнд хуучиллаа. 1973 онд гал сөнөөгч Г.Босообаатар, 24 дүгээр баазын жолооч Балжиннямыг хоёр хүүхдийнх нь хамт галаас аварч байжээ. Г.Босообаатар одоо Улаанбаатарт энх тунх амьдарч байгаа гэнэ.
Шүхэрчин аврагч Чүлтэмсүрэн, Батбаатар нар Арбулаг суманд гарсан ой, хээрийн түймэр унтрааж яваад түймэрт өртөн амь насаа алдаж байжээ.
Тариалан суманд шинэ анги байгуулах сургаар учиргүй баярлаж, өөрийн санал, зөвлөмжөө залуучууддаа хэлж, зааж зааварлаж яваа Б.Хасбазар гуай Арбулаг сумандаа ч бас гал унтраах анги байгуулчих юмсан гэж аймгийн Засаг даргадаа үг дайж амжина лээ.
Тэрээр шүхэрчин андуудынхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг эхлүүлж саяхан Арбулаг суманд акталсан галын машин аваачиж тавьсан гэнэ.
Энэ буурайн хүсэл биелж хүн ардынхаа төлөө амиа зольсон үнэнч нөхдийнх нь гавьяаг хойч үе нь үүрд дурсч яваг ээ.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь Хилийн 0257 дугаар ангийн хошууч Ц.Эрдэнэхүү даргатай 0231 дүгээр салбарын хилчин бүсгүйчүүд халуун хоол цайгаараа дайлав. Ц.Эрдэнэхүү хошууч 2012 оноос хойш салбарын даргаар ажиллаж байгаа аж. Ахмадын, ахлагч гэрээт ажилчдын, эмэгтэйчүүдийн хэсэг гэсэн салбарын үйл ажиллагааг сурталчлах самбар, нутгийн түүхийн дурсгалт газруудын танилцуулга, хилчдийн алдарын булангаас салбарын түүхийг бэлхэнээ харж болно. Тус салбар 2014-2015 онд жил дараалан тэргүүний салбараар шалгарч байжээ. Салбарын даргын үүдэндээ хадсан “Цэрэг хувцас өмссөн хүн бүр Чингис хаанаас суралцах ёстой” гэсэн үг нүдэнд тусав. Энэ үг цэрэг хүний дайчин, эрэмгий шинж, удирдагч хүний зөв оновчтой шийдвэр гаргах, тууштай, зарчимтай байх олон чанарыг агуулсан үг санагдана. Тус салбарын хамт олон Онцгой байдлын газартай нягт хамтран ажилладаг, сум орон нутгаас зохион байгуулсан арга хэмжээнд идэвхитэй оролцдог байна.
Энэ жил улсын хэмжээнд Гал түймэр унтраах, аврах зургаан ангийг улсын төсвийн хөрөнгөөр шинээр байгуулж байгаа. Үүний нэг нь Завхан аймгийн Тэс суманд үүдээ нээж буй Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги юм.
Ангийн нээлтэд оролцохоор Тэс сумыг зорьж явсан биднийг Баян тэс сумын засаг дарга Ч.Бямбадорж угтан тосч, сумынхаа талаар мэдээлэл өглөө. Сумын засаг дарга хэдхэн хоногийн өмнө бүх сумдаараа тойроод иржээ. Малчдын хувьд өвөл, хаврыг хүндхэн давлаа. Малчид, улсын нөөцөөс олгосон өвс, тэжээл цаг үеэ олж малчдын гар дээр очсон нь зудын аюулыг даван гарахад их нэмэр боллоо гэж ярьж байгааг дуулгалаа. 2010 оны зуднаар Баянтэсэд 140 мянган малынх нь 50 хувь нь хорогдсон бол өнгөрөгч өвөл 17 мянган малаа алджээ. Бусад сум ч өвлийг хохирол багатай давсан аж. 532 малчин өрхтэй, 2600 гаруй хүн амтай Баянтэс суманд өнгөрсөн өвөл Улсын онцгой комисс, Улаанзагалмай, НҮБ, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагаас нийт 200 гаруй тонн өвс, 100 гаруй тонн тэжээлийг тусламжаар ирүүлжээ. Малчдад илгээсэн хүнсний бараа, бэлэн мөнгө, эм тариаг хэрэгтэй газар нь цаг алдалгүй хүргэхэд ч сум, орон нутгаас ихэд анхааран ажилласнаа дуулгав.
11 дүгээр сараас эхлэн Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат зэрэг хойд сумдаар 50 гаруй удаа их, бага хэмжээгээр цас орсон.
Цас их унасан учраас зам давааг нээж онгойлгох, малчдад өвс тэжээл хүргэх асуудал хамгийн том бэрхшээл байв. Харин ОБЕГ, УОК-оос сумын цагдаагийн хэлтэст шуурхай албаны, хүн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин олгосон нь төрийн үйлчилгээг малчдад хүргэхэд хамгийн их тус болсныг Засаг дарга дурдлаа.
ОБЕГ-ын дарга, сумдын дунд зам даваа хаагдсан үед ашиглах тусгай зориулалтын техниктэй (ковш) болох асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө Онцгой байдлын байгууллага, орон нутгийн удирдлага хаана, хаанаа анхаарлаа хандуулан ажиллая, аль ч суманд нь даваа гүвээ хаагдахад гаргаад ажиллуулах боломжтой туулах чадвар сайтай автомашинтай болох ёстойг чухалчлан ярилцлаа.
Дэлхийн цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа эль ниногоос үүдэлтэй ган гачиг энэ оны сүүлч, ирэх оны эхээр оргилдоо хүрч, үүнд өртөх магадлалтай улсын тоонд Монгол Улс багтаж байгааг бригадын генерал Т.Бадрал орон нутгийн удирдлагуудад хандан анхааруулж байлаа. Номхон далайн экваторын бүсэд үүсдэг цаг уурын үзэгдэл болох эль нино нилээд хүчтэй илэрч, өнгөрсөн зун агаарын температур Европ, ойрхи Дорнодод их халалт үүссэн. Өнгөрсөн жил Монгол Улсын хувьд ч сайн байгаагүй, газар тариалангийн голлох бүс нутагт ургац боловсрох үед хуурайшилт үүсч ургац алдсан. Иймд, ирэх өвөл улам хүндэрч болзошгүй тул сонгууль, наадам гэж хошууралгүй өвс тэжээлээ базааж өвлийн бэлтгэлээ хангаж эхлэхийг сумын удирдлагуудад анхааруулан хэлж, ярьж явлаа. Мөн суманд гарсан обьектын болон ой, хээрийн түймэр унтраах бага оврын галын автомашинтай болох асуудлыг орон нутгийн хөгжлийн санд тусгаж өгөх саналыг тавьлаа.
Биднийг Баян тэс суманд ажиллах үеэр Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж таарлаа. Тус сумын Зайгал багийн малчин Д.Пүрэвням, Д.Нарантуяа нар малчин эмэгтэйчүүдээ төлөөлөн чуулга уулзалтад оролцож байгаа аж. Д.Пүрэвням эгчийнх бог, бод нийлсэн 1000 гаруй толгой малтай. Өвөл цас их орсон учраас малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулж байсан гэж ярив. Монгол түмний малчиддаа илгээсэн тусламж цаг үеэ олж, ядарч зүдэрсэн малчдад маш их нэмэр болсон гэдгийг Алтан төлийн эзэн малчин эмэгтэй хуучиллаа. Эднийх жилдээ 20 орчим удаа отроор явдаг аж. Хахир өвөл, хаврыг даван туулж, төл малаа мэнд хүлээн авч, малын хорогдолгүй давж гарсан нь отор нүүдэл олон хийснийх гэнэ. Мал маллана гэдэг малчин хүнээс их ухаан шаарддагийн жишээ нь энэ байх. Мөн уйгагүй хөдөлмөр.
Тийм ч учраас мэнд төлчин болсны баяраа хийж Алтан төлний эзнээр шалгарчээ. Зуднаар мал бэлчээрлэх боломжгүй байсан тул нэг туслах өвөлжөөнөөс нөгөө өвөлжөө рүү тэмээ, моринд ачиж нүүдэл суудал хийдэг байсан гэнэ.
Сүүлийн 20-иод жил хажуудаа туслах малчин ажиллуулан тэднийгээ малжуулдаг. Өнгөрсөн өвөл гэхэд хотоос хоёр залуу авчирч, мал маллах ухаан зааж сурган амьжиргаанд нь нэмэр болох мал таслан өгчээ.
Баянтэс сумтай залгаа орших Тэс суманд өнгөрсөн өвөл 66 удаа цас орж, олон хоног 50 хэмээс дээш хүйтэрчээ. Харьцангуй малын хорогдол багатайгаар өвөл, хаврыг даван гарсан нь Засгийн газраас цагаа олж өвсийг үнэгүйгээр, тэжээлийг тал үнээр олгосон, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын тусламж эзнээ олж хүрсэн, ОБЕГ, УОК сайн ажилласны үр дүн гэж Тэс сумын Засаг дарга Ж.Мөнхцэцэг урмын үг хайрлалаа. Тус суманд Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний ангитай учраас хаагдсан зам давааг онгойлгох, малчдад эрүүл мэндийн үйлчилгээ, өвс тэжээл хүргэхэд ихэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Харин одоо Онцгой байдлын албаны шинэ анги байгуулагдаж байгаа нь манай сумын давуу тал боллоо, сумынхаа иргэдийн өмнөөс маш их баярлаж байна гэлээ.
Тэс суманд энэ өвөл өвс тэжээлийн нийт 12, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн 18 удаагийн тусламжийн цуваа иржээ. Тус сум 3000 орчим хүн амтай, 871 өрхтэй аж. Хүн амын нягтралаараа Их уул сумын дараа ордог юм байна.
39 албан хаагчийн орон тоотойгоор өрхөө татсан тус ангийн нээлтэд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, Тэс сумын Засаг дарга Ж.Мөнхцэцэг, аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ө.Болд нар оролцлоо. Тус анги одоо Хилийн 0277 дугаар ангид түр байрлаж байгаа бөгөөд Т.Бадрал генерал ангийн үйл ажиллагаа явуулах ажлын байрны объектыг сонгож, барилгын их засварын зардлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Их засварыг богино хугацаанд хийж, наймдугаар сар гэхэд ашиглалтад оруулахыг ангийн нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болгов.
IV зэрэглэлийн энэхүү анги гал унтраах үндсэн зориулалтын АЦ-40 маркийн автомашин, туслах албаны ТСВ-6 ус тээвэрлэгч, шуурхай албаны пургон тус бүр нэг, обьектын болон ой, хээрийн түймэр унтраах бусад багаж хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Тус анги Завханы Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат зэрэг суманд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, объектын гал, ой, хээрийн түймэр, байгаль цаг агаарын аюулт үзэгдэл, ослын үед иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм.
Суманд гал түймэр унтраах, аврах ангийг шинээр байгуулж, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй орон нутагт томоохон хөрөнгө оруулалт хийгдэхэд анхаарлаа хандуулсан ОБЕГ-ын даргад сумдын иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлээд сумын ИТХ, ЗДТГ-аас ОБЕГ-ын даргад Тэсийн голын хурдан удмын шүдлэн үрээ бэлэглэлээ. Бригадын генерал Т.Бадрал хурдан үрээндээ “Онцгой” хэмээх нэр өгч, Онцгой байдлын албаны нэрийн өмнөөс торгон жолоо өргүүлж, түмэн олны чихнээ албаны нэрийг дуурсгаж яваарай гэсэн ерөөл өргөлөө.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Увс аймгийн Баруунтуруун суманд ажиллаж, Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги байгуулахаар сонгосон байр объекттой танилцан, сумын удирдлагуудтай уулзлаа. Өмнө нь дулааны цахилгаан станц байсан барилгыг 4000 ам метр газартай нь Онцгой байдлын газарт шилжүүлэхээр тус аймгийн ИТХ шийдвэрлэжээ. Уг ангид дадлагажигчаар ажиллах 20 ажилтныг зургадугаар сарын 20-ны дотор шалгаруулж, ажиллуулах, анги байгуулах объектыг засаж, тохижуулахыг бригадын генерал Т.Бадрал үүрэг болгосон юм. Мөн улсын нөөцийн тэжээлийн агуулах, өвсний саравчийн обьектыг шийдэж сумаас 30 гаруй км дэх нөөцийн салбарыг сумын төв рүү нүүлгэн нэг газраа төвлөрөх нь зүйтэй гэдгийг сануулав.
Цас зуд, ой, хээрийн түймэр зэрэг аюул, ослын үед орон нутгийн хүчний байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг, оролцоо их. Увс аймагт гэхэд хилийн 11 застав байдаг. Хилийн 0311 ангийн Хар цагаан усны 06 дугаар заставын хилчид гэхэд өнгөрсөн жил аянганаас гарсан ой, хээрийн түймрийг унтраахад хамтран ажиллаж байсан. Өөрсдийн боломжоор гал унтраах багаж хэрэгсэл бэлтгэн галын булан байгуулжээ. Гамшиг, ослын үед дайчлах ГАЗ-66, УАЗ 469 автомашинтай юм байна. ОБЕГ-ын дарга гамшиг, ослын дуудлагаар ажиллахад багаж хэрэгсэл сайн байх ёстой гээд Увс аймгийн Онцгой байдлын газраас ус тээвэрлэгч ТСВ-6 автомашиныг тус заставт шилжүүлэхээр боллоо. Цас их унадаг учраас туулах чадвар сайтай автомашин дутагдалтай байдаг байна. Хилийн заставуудад нийт 40 ширхэг үлээгч аппарат, ус шүршигч РЛО олгохоор болсон юм. Хилчдийн бодит амьдралтай газар дээр нь танилцаж, хил, онцгой байдлын байгууллагын харилцаа холбоог сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа заставын дарга, хурандаа Г.Ган-Эрдэнэ илэрхийлж байлаа.
Завхан аймгийн Тосонцэнгэл суман дах Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги 1960 онд байгуулагджээ. 10 гаруй мянган хүн амтай энэ сум эрс тэс уур амьсгалтай. Өнгөрсөн өвөл 20 гаруй хоног 40 хэмээс дээш хүйтэрч, тал газраа 50-60, уулаараа 80-100 см зузаан цастай байжээ. Идэр, Хожуул зэрэг голтой учир үер, усны ослын дуудлагад зохиолдгийг ангийн захирагч, хошууч И.Амартүвшин танилцуулав. Тус сум Аврах бүлэггүй тул бүхий л дуудлаганд тус ангийнхан явдаг аж. Энэ ангийг анх мод боловсруулах үйлдвэрийн цэнэглэх станцын барилгад байгуулж, хамгийн сүүлд 2008 онд их засвар хийсэн байна. Өвөлдөө дулаан их алддаг, хүйтэн байдаг гэнэ. Уг ангийн бүтэц, орон тоог нэмэгдүүлэн, Онцгой байдлын хэлтэс болгон өргөжүүлж байгаа. Барилгыг дулаалж, давхарлан өргөтгөхөд шаардагдах 30 гаруй сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг ОБЕГ-ын даргаас тус ангийн захирагч хүссэн ч Тэс суманд шинээр анги байгуулж байгаа тул төсвөөс мөнгө нэмж гаргах боломжгүйг тайлбарлалаа. Ингээд аймгийн Засаг дарга Ж.Жамьянтивд уг саналыг тавьж, зардлыг орон нутгийн хөгжлийн сангаас гаргуулахаар болсон юм.
Архангайд шинээр барьж буй Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн барилгын ажилтай ажлын хэсэг танилцав. Шинэ ангийн барилгыг ашиглалтад оруулах хугацаа хэтэрч, барилгын ажил удаашралтай байгааг ОБЕГ-ын дарга Т.Бадрал гүйцэтгэгч талд сануулан, ажлаа богино хугацаанд чанартай гүйцэтгээд, хүлээлгэж өгөхийг үүрэгдэв. Харин сургалтын танхим байгуулах, ширээ сандал, компьютер, техник хэрэгслээр хангахад шаардагдах 30 сая төгрөгийг аймаг, орон нутгаас шийдвэрлүүлэхийг Онцгой байдлын газрын удирдлагуудад даалгалаа.
Өвөрхангайн Хархорин сумын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн барилгад 1960-аад оноос хойш их засвар хийгээгүй, албан хаагчид бололцоогоороо зассаар иржээ. Цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй, уурын зуухаар халаадаг, жилдээ 48 сая төгрөг нүүрсэнд зарцуулдаг, дээвэр нь нурж эхэлсэн тухай тус ангийн захирагч, ахмад Ч.Ренчинбямба ОБЕГ-ын даргад мэдэгдэв. Мөн завь, аврагчдын хувцас хэрэгсэл дутмаг байгааг дуулгасан. ОБЕГ-ын дарга тус ангийн шинэ барилгын төсвийг ирэх оны төсөвт суулгахаа албан хаагчдад дуулгав. Харин барилгыг иргэдэд ойрхон газарт барих, газрыг нь төв зам дагуу сонгох үүрэг өгч, ойрын хугацаанд шийдэж танилцуулахыг даалгав. Мөн Хархорин сумын удирдлагатай уулзан, шинэ анги байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсээд, хуучин газарт нь албан хаагчдын орон сууц барих саналаа илэрхийлсэн юм. Усны гүнд ашиглах завь, хувцас хэрэгслийг шийдэхээ амлаад, шуурхай удирдлагын автомашиныг орон нутгийн хөрөнгөөр шийдүүлэх үүргийг аймгийн Онцгой байдлын газрын даргад өгсөн юм.
Онцгой байдлын байгууллага ирэх долдугаар сарын нэгнээс шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлнэ. Энэ бүтцээр улсын нөөцийн салбарыг Онцгой байдлын газарт нэгтгэж байгаатай холбогдуулан өвс, тэжээлийн агуулахыг сумын төв дээр байгуулах чиглэл өглөө.
Ийнхүү ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал орон нутгийн анги, байгууллагынхаа үйл ажиллагаатай биечлэн танилцаж, аврагчдынхаа зовлон, жаргалыг хуваалцан тулгамдсан асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэн ажиллав. Онцгой байдлын алба, албан хаагчдын нийгмийн асуудалтай холбоотой олон асуудлыг орон нутгийн удирдлагуудаар шийдвэрлүүлж ч амжлаа.
Байгууллагынхаа даргатай нүүр тулан уулзаж, санал бодлоо хэлнэ, асуудлаа шийдүүлнэ гэдэг орон нутгийн албан хаагчдын хувьд том завшаан юм.