Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялагийн хонхорт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д-гийн уурхайд хоёр хүн дарагдсан дуудлага 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15:20 цагт ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангид ирсэн байна.
Уурхайн ам 26 орчим градусын налуутай, 28 метрийн урт тунельтэй, мөргөцөг хүртэл 32 метр, уурхайн гүн 60 метр байсан бөгөөд эрэн хайх ажлын явцад хүчилтөрөгч 18 хувьтай, ажлын мөргөцөг нурсан, дахин нурал үүсэх аюултай, ажиллах нөхцөл хүнд байсан байна.
Нэмэлтээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн бүрэлдэхүүн ажилласан.
Аврагчид аврах ажиллагааны явцад 83 метр.куб уулын цулыг зөөвөрлөж, рам, бэхэлгээ тавьж аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Аврах ажиллагаа 13 цаг үргэлжилсэн бөгөөд нуралд дарагдсан байсан иргэн Г /42 настай, эрэгтэй/-г, 18:25 цагт, иргэн А /28 настай, эрэгтэй/-г цогцсыг 03:55 цагт уурхайн гүнээс гарган Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өгсөн байна.
Дуудлагаар Аврах тусгай анги, Уул уурхайн аврах ангиас нийт 37 албан хаагч, дөрвөн автомашин болон бусад шаардлагатай техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.