Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Булган, Говьсүмбэр, Өмнөговь, Төв, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Завхан, аймгуудад болон Улаанбаатар хотод бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн нутгаар, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 9-14 градус, Алтайн өвөр говиор  23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос 12-14 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч  9-11 градус дулаан байна.

Төлөв байдал:  9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зарим газраар, 11, 12-нд зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9, 10-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 9-нөөс нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, ар гэрийн 4 хүн, орон нутгаас 4 иргэн, нийт 21 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.08-ны өдрийн байдлаар явган 15 км газарт самналт хийсэн.

Аврах ажиллагаа: Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Чигэстэйн голын модон гүүр нурж трактор усанд унасан байна гэсэн дуудлагыг 2016.06.08-ны өдрийн 12:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч ажиллаж иргэн Н /54 настай эрэгтэй/ осголтын байдалтай байсныг уснаас гарган ар гэрт нь хүлээлгэн өгч, 40-97 ЗАА улсын дугаартай тракторыг уснаас татаж гаргах боломжгүй үертэй байгаа тул өөрийн хүсэлтээр дараа нь гаргахаар шийдвэрлэсэн.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Богдын гол үерлэсний улмаас тус багийн айл өрхүүд усанд автаад байна гэсэн дуудлагыг 2016.06.08-ны өдрийн 16:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч ажиллаж 3 айл өрхийн гэр, эд хогшлыг тус багийн өндөрлөг газарт нүүлгэн шилжүүлж, усны гольдирлыг өөрчлөх арга хэмжээ авч ажилласан.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг /сумын төвөөсөө 25км-т/ “Шаварт” гэдэг газар  голын тохойд байсан М гэдэг айлын 2 талруу Сэлэнгэ мөрөн үерлэж ус ороод ирлээ гэсэн дуудлагыг 2016.06.08-ны өдрийн 07:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж Сэлэнгэ мөрний голын салаанд гэр малтайгаа боогдсон иргэн М-ийг гэр болон 250 гаруй бог малтай нь голоор гаргасан.

Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Зоогийн-Эх” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг иргэн И-гийн эзэмшлийн бичил уурхайд нуралт болж 5 иргэн уурхайн гүнд шороонд дарагдсан тухай дуудлагыг 2016.06.08-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч тус ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 24 албан хаагч 60 метрийн гүнтэй уурхайн 25 метрт нуралт үүссэн газарт ажиллаж мөн өдрийн 22:45 цагт иргэн Г /50 настай, эрэгтэй/, 22:55 цагт иргэн Б /34 настай, эрэгтэй/, 22:57 цагт иргэн Ц /45 настай, эрэгтэй/, 23:05 цагт иргэн Г /36 настай, эрэгтэй/, 23:15 цагт иргэн Б /46 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гарган авран хамгаалж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд болон ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцаж, удирдлагаар ханган ажилласан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.

 

4.Ой, хээрийн түймэр: 

Унтарсан түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн нутаг “Хуурай шаазгайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгаас 12 иргэн, нийт 30 хүн ажиллаж 2016.06.07-ны өдрийн 05:40 цагт цурманд оруулж 2016.06.08-ны өдрийн 13:50 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн “Гурамсангын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 23:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 4 албан хаагч, орон нутгийн 9 иргэн ажиллаж 2016.06.07-ны өдрийн 15:45 цагт цурманд оруулж 2016.06.08-ны өдрийн 20:30 цагт бүрэн унтрааж байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

Цурманд байгаа түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Хуурай хөндий” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 14:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 12 иргэн, нийт 24 хүн ажиллаж 2016.06.08-ны өдрийн 10:00 цагт цурманд оруулсан.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.08-ны өдрийн 09:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн Булгийн задгайд гэр, өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.08-ны өдрийн 09:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Өнөр бүл төвийн хашаанд автомашин шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.06.08-ны өдрийн 15:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top