Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Дархан, Орхон, Сүхбаатар, Хөвсгөл Хэнтий, аймгуудад болон Улаанбаатар хотод бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн зарим газар говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн хойноос 6-11 м/с. Хангай Хөвсгөл Хэнтэйн уулархаг нутаг Туул Тэрэлж Хэрлэн Онон Халх голын сав газраар 12-17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, Говийн нутгийн баруун хэсгээр 20-25 градус. Бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, тур зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи хойноосоо 6-11 м/с. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд зарим газраар, 11, 12-нд зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9, 10-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 9-нөөс нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, ар гэрийн 4 хүн, орон нутгаас 4 иргэн, нийт 21 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.09-ний өдрийн байдлаар явган 14 км газарт самналт хийсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сум Вангийн овоо багийн “НИК Петровис” шатахуун түгээх станцын хойд талд сувгийн усанд хүүхэд уначихлаа гэсэн дуудлагыг 2016.06.09-ний өдрийн 16:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж А /3 настай, эрэгтэй/ хүүхэд усанд живж нас барсан байсныг гарган цогцсыг сум дундын Цагдаагийн хэсэг болон Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.   

Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг “Идэр”-ийн голд 16-99 ЗАН улсын дугаартай “Бонго пронтер” загварын автомашин усанд суусан тухай дуудлагыг 2016.06.09-ний өдрийн 07:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч ажиллаж иргэн З /27 настай, эрэгтэй/, У /30 настай, эмэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нарын зорчиж  явсан “Бонго пронтер” загварын автомашин;

Ховд аймгийн Ховд сумын “Улаан бураа” багийн нутаг Ховд голд Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн чиглэлд явж байсан 69-20 БӨТ улсын дугаартай УАЗ-469 автомашин усанд суусан тухай дуудлагыг 2016.06.09-ний өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж иргэн Б /35 настай, эрэгтэй/, М /78 настай, эрэгтэй/, А /35 настай, эмэгтэй/ нарын зорчиж  явсан 69-20 БӨТ улсын дугаартай “УАЗ-469” загварын автомашин;

Завхан аймгийн Улиастай сумын нутаг “Богдын гол” багийн Шавар хэрэмний ойролцоо голын гарманд автомашин урсах гээд байна гэсэн дуудлагыг 2016.06.09-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж Нэгдсэн эмнэлгийн түргэний 89-90 ЗАА улсын дугаартай УАЗ-Пургон загварын автомашиныг татан гаргасан. Уг автомашины жолооч С-ийг /55 настай, эрэгтэй/ голоос эсэн мэнд авран гаргасан.    

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Хожуулын гол”-ын хоёр гүүрний дунд Зуслан гэдэг газар автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2016.06.09-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч ажиллаж иргэн Г-гийн эзэмшлийн 00-44 ЗАА улсын дугаартай  “Hino” загварын автомашиныг тус тус татан гаргаж аюулгүй болгосон.

Аврах ажиллагаа: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга 4 дүгээр багийн “Битүү” гэдэг газар иргэн Д-гийн гэр, мал усанд боогдож арал дээр үлдсэн Ховд гол үерлэж ус орж ирэх гээд байна гэсэн дуудлагыг 2016.06.09-ний 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж Ховд голын  арал дээр гэр малтайгаа усанд боогдсон иргэн Д-гийн гэр болон 80 бог малыг аюулгүй газар гаргасан.    

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр: 

Цурманд байгаа түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Хуурай хөндий” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 14:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 12 иргэн, нийт 24 хүн ажиллаж 2016.06.09-ний өдрийн 22:46 цагт бүрэн унтраасан.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.09-ний өдрийн 22:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 7 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.09-ний  өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top