Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Говь-Алтай, Өмнөговь Өвөрхангай, Завхан аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр:  Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн ихэнх, төвийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с. хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 градус бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 6-11 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн зүгийн нутгаар, 16-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 14-нд баруун зүгийн нутгаар, 15-наас ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн хөндий болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Харсайрын булан” гэдэг газар Дэлгэр мөрөн голын усанд иргэн Б /30 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудагыг 2016.06.06-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохин байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 2016.06.07-ны өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон боловч дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь 2016.06.10-ны өдрийн 12:00 цагт ирүүлж тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.12-ны өдрийн байдлаар нийт 50 км газарт самналт хийсэн байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн  “Буянт голд” хүүхэд осолдсон байж магадгүй байна гэсэн дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 20.25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулаж Н /3 настай, эмэгтэй/ хүүхэд Буянт голын усанд осолдсон байсныг 2016.06.12-ны 19:55 цагт цогцосыг  гаргаж  ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Сураггүй болсон: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Сажин хурахын аманд иргэн Л /54 настай, эрэгтэй/ төөрсөн тухай дуудлагыг 2016.06.09-ний өдрийн 14:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, ар гэрийн 8 хүн, нийт 30 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.12-ны өдрийн байдлаар олдоогүй тул эрэн хайх ажиллагааг 20:03 цагт түр зогсоосон.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн иргэн Ц /84 настай, эмэгтэй/ мартаж, санадаг эмгэгтэй гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Устын булаг” гэдэг газар малчин Ц-гийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн “Шар хөндийн-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 10 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Их харгана” гэдэг газар малчин Э-гийн суурьт 2 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн “Хар давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер, усанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал багийн “Цагаан арал” гэдэг газар, Цэцэгт багийн “Цагаан хөшөө” гэдэг газруудад Ховд гол үерлэж арал дээр айл өрх мал усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 20:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 23 иргэн, 5 өрх айл нүүлгэн;

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Шуудайн-Гатлага” гэдэг газар Булган гол үерлэж айл өрх, мал усанд боогдсон тухай дуудлагыг 201.06.12-ны 08:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж 40 иргэн, 7 өрх айл 40 бог малыг нүүлгэн;

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Шуудайн-Гатлага” гэдэг газар Булган гол үерлэж усанд боогдсон тухай дуудлагыг 201.06.12-ны 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч ажиллаж 42 иргэн, 5 өрх, айл, 350 мал, 3 мотоциклийг нүүлгэн тус тус аюулгүй газарт шилжүүлсэн.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 4, дуудлагатай, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 2,  дуудлагатай байлаа.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Батчих-Хан” ХХК-ний хашаанд машин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 14:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж иргэн Н-ийн эзэмшлийн 67-97 УБЯ улсын дугаартай “Зил-130” загварын автомашин бүрэн, 16-84 УБТ улсын дугаартай “Nord” загварын автомашины 4 ширхэг дугуй,  5 тонн түлштэй 91-61 БЧ улсын дугаартай чиргүүлийн хамт шатаж байсныг;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Дархан төвийн “Болор ресторан” шатаж байна гэсэн дуудлагыг  2016.06.12-ны өдрийн 16:46 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж иргэн Б-гийн 8х10 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд мах шардаг цахилгаан зуух шатаж байсныг;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 15:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 20:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байшин шатаж  байна” гэсэн дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 08:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.13-ны өдрийн 00:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч  ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 2 тугал шатсан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн хээтэй хорооллын төв замын зорчих хэсэгт 01-57 ДАХ улсын дугаартай KIA загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.13-ны өдрийн 01:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top